Хэлмэгдэгсдийн хөшөөг цоолж, бичгийг нь хагалсан зураг өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээгээр тараад байна.
Уг хөшөө одоогоор ямар байдалтай байгааг харахаар очиход, зураг дээрх шиг эвдрэл байгаагүй буюу хэвийн байсан юм.
Иймд тухайн зураг хэзээнийх болохыг болон хамгийн сүүлд хэзээ засварласан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодрууллаа.
Энэ тухай УБЗАА-ны эх сурвалж хэлэхдээ "Энэ хэзээний зураг болохыг хэлж мэдэхгүй байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2021 онд хэд хэдэн хөшөө дурсгалыг сэргээн засварласны дунд Хэлмэгдэгсдийн хөшөө багтаж байгаа. Тодруулбал, Хэлмэгдэгсдийн хөшөөг 2021 оны зургаадугаар сард засварлаж дууссанаас хойш ямар нэг байдлаар цахим сүлжээнд явж байгаа шиг эвдрэл, гэмтэл гараагүй. Магадгүй тухайн зураг засвар хийх үеэс өмнөх зураг байж болох юм" гэв.
2021 онд уг хөшөөг сэргээн засварлаж байх үеийн зургууд:
Мөн хамгийн сүүлд аравдугаар сарын 27-ны өдөр буюу хоёр долоо хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компани тус хөшөөг угааж, цэвэрлэсэн гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Түүнчлэн уг хөшөө дурсгалыг сүйтгэсэнтэй холбоотой ямар нэг зөрчил бүртгэгдсэн эсэх талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хөшөө дурсгал сүйтгэсэнтэй холбоотой гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байна" гэв.
Ямартай ч өнөөдрийн байдлаар Хэлмэгдэгсдийн хөшөөнд ямар нэг эвдрэл, гэмтэл үүсээгүй, хэвийн байгааг фото сурвалжилгаар харууллаа.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав /2022.11.14 13:00 цагийн байдлаар/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!