Хатуу ширүүн зуд, хилэнт улаан галын аюулаар эхэлсэн 2024 он бидэнд ухаарал, сургамжаа өгөөд одож байна.
Сонгуулийн жил хэмээн өөрсдийнхөөрөө нэрлэсэн дөрвөн жилийн давтамжтай ирдэг нэгэн оны хугацаанд Монголчууд нийтээрээ юуг олж басхүү алдав гэдгээ одоо л цэгнэж буй биз ээ.
Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл гэгч ямар аюултайг, түүнийг дагасан хор хохирол, эдийн засгийн нөлөө иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг өнгөрсөн өвлийн зуд бэлхнээ харууллаа.
Үүнээс дутахгүй хохирол, харамсал дагуулсан явдал ганцхан хүний хариуцлагагүй үйлдлээс гардгийг хий тээвэрлэсэн авто машины осол бидэнд сургамжлав.
Шинэ цагийн улс төрийн түүхэнд тодоор тэмдэглэн үлдээх нэгэн өөрчлөлт нь парламент 126 гишүүнтэй болов. Энэхүү өөрчлөлтийг дагаад эрх мэдлийн төвлөрлийг бууруулж, төсвийг тойрогт бус томоор зарцуулдаг болох, төлөөллийн зарчмыг хангах зэрэг дэвшил гарах учиртай.
Гадаад харилцааны салбарт ололт дүүрэн байснаас хаан хүн манай улсад айлчилсан нь өнгөрч буй оны нэгэн онцлох үйл явдал болон үлджээ.
Дэлхийн дэвжээд эх орныхоо нэрийг цуурайтуулж, элгэн садан, элэг нэгтнүүдээ огшуулсан тамирчдынхаа алдрыг тэмдэглэхгүй өнгөрөөхийн аргагүй билээ.
Ийнхүү iKon.mn сайт 2024 оны онцлох 10 үйл явдлыг тоймлон хүргэж байна.
"Хилэнт эх" хэмээх модон луу жилийн догшин авир сар шинийн баярын өдрүүдээс эхэлжээ. Билгийн тооллоор он солигдмогц цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж байв. Улмаар нийт нутгаар орсон цасны хэмжээ 2009-2010 оны зудаас илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй их хэмжээнийх гэж тэмдэглэгдсэн байна.
Зудын улмаас 2024 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 8.2 сая толгой мал зүй бусаар хорогдож, 13 аймгийн 58 суманд төмөр зуд, 17 аймгийн 139 суманд цагаан зуд, 18 аймгийн 69 суманд зудархуу нөхцөл байдалд үүсжээ.
Энэ цаг үеийн соргогоор мэдэрсэн ард түмний элч, төлөөлөгчөөр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй түшээд луу жилийн хилэнг дарахаар хөдсөн дээл өмсөөд орон нутаг руу давхилдав. 2-3 дугаар сард "Зудад нэрвэгдсэн малчдад хэн сайн туслах вэ" хэмээх улсын уралдаан болсон гэхэд хилсдэхгүй.
Гурил, хивэг тэжээл, өвс дүнхийтэл ачсан машинтай дарга нар малчдын хотонд очиж зовлонг нь хангалттай сонссон. Тэд буцаж ирээд 140,000 гаруй малчны ₮1.2 их наядын зээлийн эргэн төлөлтийг сонгууль дуустал хойшлуулж, хүүгийн татаасыг Засгийн газраас төлөх шийдвэр гаргасан юм.
Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр энэ оны нэгдүгээр сарын 24-ний 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин хүчтэй дэлбэрч эрдэнэт хүний амь эрстэж, олон айл өрх орох оронгүй болов.
Галын улмаас ажил үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын гурван алба хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хүнд, хөнгөн гэмтсэн юм. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.
Дэлбэрэлтэд хамгийн их өртсөн 207 дугаар байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барихаар болоод байгаа. Уг осол хөдөлмөрийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хотын гулгаа халтиргаа, даатгалын систем гээд энэ хотод болохгүй байгаа олон асуудлыг хотын иргэдэд сануулсан томоохон сургамж болов…
Эрүүл мэнд гэх "эмзэг" асуудал дээр тоглолт хийж, ашиг олдог бүлэглэл байгаа эсэхийг нийтээрээ хяналаа.
Эмийн чанарыг шинжлэн судлах Түр хороо байгуулсны дүнд зөрчил дутагдал, алдаа оноогоо мэдэж авсан нь энэ жилийн ололт гэлтэй. Гэхдээ мэдэхээс хэтэрсэнгүй.
Сонсголын үеэр шинжээчдийн танилцуулсан баримтууд дунд "но"-той, ноцтой хурц асуудлууд ч сөхөгдөв. Тухайлбал "Хөлдүү тариаг гэсгээж, зарсан байж болзошгүй" баримт шуугиан дэгдээв.
Зуд болоход нохой зоолдгийн үлгэрээр бусдын өвчин, зовлонгоос хөлжигсөд байгаа эсэхийг хянан шалгасан шинжээчдийн баримт олон зөрчлийг илчлэв. Дуслын систем, тариур, боолтыг харилцан адилгүй, 2-3 дахин нугалсан үнээр авсан улсын эмнэлгийн нэрийг цохож, холбогдох гэрч нарыг ч дуудав.
Үндсэндээ гурав хоногийн хугацаанд 150 гаруй гэрч, иргэдийг оролцуулж, УИХ-ын зарим гишүүнийг ч дуудаж олны анхаарлыг татсан сонсгол тухайн өдрүүддээ л дуулиан тарьснаас үлдэх юм багатай болсон. Сонсоод л өнгөрлөө ямартай ч энэ жилдээ.
Харин эмийн сонсголоос ажил хэрэг болсон ганц зүйл нь ЭМИЙГ ЖОР-оор олгох зохицуулалтыг чангатгав. Гэвч энэ нь өөрийгөө дураараа эмчилдэг хүмүүсийн дургүйцэлтэй тулгарсан. Эцэст нь ихэнх эмийг зөвхөн эмчийн хүчинтэй жороор олгохоор болсон нь энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг байлаа.
Шинэ зохицуулалт иргэдийн эмийн хэрэглээнд зөв дадал хэвшлийг авчрах болов уу гэсэн итгэл найдвартай ч болов.
Эрх баригчид их хурал, орон нутгийн сонгуулийн өмнө гэнэт ажилсаг хүүгийн дүрд хувирч, зам засварын ажлыг эрчимжүүлсэн нь нийслэлчүүдийг туйлдуулав.
Угаас толгойн өвчин болсон түгжрэлд зам засварын ажил нэрмээс болсон ч Улаанбаатарчууд ухсан нүх, хаасан замыг тойрч, бөглөрсөөр даван туулж чадсан. Нийт 87 байршилд 162.3 километр авто замыг шинэчлэхээр төлөвлөснөөс 70 орчим байршлынхыг зассан бөгөөд үлдсэн замуудыг 2025 онд үргэлжлүүлнэ.
Таван шарын нүхэн гарц, Яармагийг ТЭЦ-IV-тэй холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай 2.8 километр зам зэрэг өнгөрч буй онд хийсэн авто замын томоохон бүтээн байгуулалтыг онцлон дурдах нь зүйн хэрэг. Үүний зэрэгцээ зарим замыг усны долгион мэт үелзүүлэн тавьж болдгийг ч бас харуулав. Долгионтсон замаар дэржигнэн явсаар хүйтний улирлыг давчихвал шил толь мэт болгож засах боломжтой гэдэг албаныхны тайлбар иргэдийг "тайвшруулав".
Эдгээр замыг засахдаа нийслэлээс бонд гаргаж, санхүүжилт босгосон. Энэ оны замын засварт зарцуулсан бондын 106 тэрбум төгрөгийг нийслэлийн ирэх оны төсвөөс эргэн төлнө.
Өмнөхүүдийн дуулианы хажууд харьцангуй нам жим өрнөж байсан ч хүн амины хэрэг гарснаар энэ удаагийн сонгуулийн уур амьсгалыг эвдрэв. МАН‑аас нэр дэвшигчийн сонгуулийн штабад ажиллаж байсан ухуулагч тухайн орон нутгийн АН-ын даргын амь насанд халдсан нь сонгуулийн түүхэнд хараар бичигдэн үлдлээ.
Хүний амины гарзтай ч Монголчууд парламентат засаглалын 30 гаруй жилийн түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болсон. Гэвч тэдгээр гишүүд бүгд ард түмний сонголт байсангүй. Эрх баригчид гуя дагуулж хүзүү гэдэг зарчмаар эрээвэр хураавар гишүүдээ Их хурал руу шахав.
Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН нам, Иргэний Зориг Ногоон Нам, Үндэсний Эвсэл гэсэн таван нам буюу хамгийн олон улс төрийн намын төлөөллөөс бүрдсэн энэ удаагийн парламентаас хамтарсан Засгийн газар төрөн гарсан юм.
Ханцуйн дотроо наймаалцсаар АН, ХҮН хоёрыг “өвөртөө” оруулсан МАН-д том харж, тэр хэрээр урагшлах боломж нээгдээд буй. Гэвч тэрхүү том мөрөөдөл, том яриа нь дотоодын улс төрөө даах уу, эрх ашгийн нөлөөнд автахгүй байж чадах уу гэдгийг харах л үлдлээ.
Сошиалд өрнөсөн орон нутгийн сонгууль
“…Ийм аймар зүүд 80 наслахдаа зүүдлээгүй ээ…” хэмээх мөртийг санагдуулам үйл явдлууд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулийн үеэр өрнөсөн. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс аль хэдийнээ хальж сошиал хэмээх хязгааргүй хэрэглээгээр удирдуулсан орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хийгээд, өрнөл нь ийн дүгнэхэд хүрэв. Товчхондоо сошиал, пиартаа хэн илүү мөнгө хаясан тэр хүн иргэдийн хурлын төлөөлөгч болсон.
Басхүү 17,278 нэр дэвшигч 8,031 мандатад өрсөлдсөнөөс НИТХ-д МАН 40, АН 5 суудал авсан нь эрх баригч намын анхан шатны байгууллага буюу “хорооны эгч нар” ажлаа сайн хийсний үр дүн юм. АН-ын тухайд эвээ ололгүй явсаар лавтай сүүлийн хоёр орон нутгийн сонгуульд оролцсон. Энэ удаад 5-хан суудал авсан нь АН-ын хувьд нийслэлийн сонгуулийн түүхэн доод “амжилт” байлаа.
Шинээр сонгогдсон УИХ-ын 126 гишүүн наймдугаар сараас эхлэн 2024 оны төсвийн тодотгол, 2025 оны төсөвтэй зууралдсаар намрын чуулганыг дуусгалаа.
Шинэ гишүүдийг сандал ширээ, төхөөрөмжийнхөө учрыг олж амжаагүй байхад нь өмнөх парламентын батлах ёстой 2023 оны улсын төсвийн гүйцэтгэлийг батлуулж орхисон. Нэг үгээр шинэ гишүүд тангаргаа өргөсөн даруйдаа өмнөх парламентын дутууг гүйцээх ажил ханцуй шамлан орцгоов.
Үргэлжлүүлэн МАН-ын 13, АН-ын найм, ХҮН намын хоёр сайдаар танхимаа бүрдүүлсэн хамтарсан Засгийн газар 2024 оны төсвийг тодотгуулж, сайд нар 1.9 их наяд төгрөгийг хуучин төсөв дээрээ нэмж авсан юм.
Аравдугаар сарын 1-нээс УИХ-ын ээлжит чуулган хуралдаж, гишүүд ганц хоёрхон сэдэв тойрч хэрэлдсээр сарын дотор ирэх оны төсвийг 3.5 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулав. Нийтийн шүүмжлэлийг соргог мэдэрсэн төрийн тэргүүн хэтэрхий үрэлгэн, алдагдалтай гэж үзсэнээр түүхэнд байгаагүй өндөр дүнтэй 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Парламент хоригийг хүлээн авснаар Засгийн газар, УИХ мөн л түүхэндээ анх удаа хуулийн хугацаа хэтэрсэн хойно төсөв шинээр өргөн мэдүүлэх, түүнийг нь хэлэлцэхийг зохицуулах "шинэ" хуулийн эрэлд гарав.
Азаар парламент өөрөө хууль тогтоох дээд байгууллага тул цаг үедээ нийцүүлэн хууль боловсруулж, түүнийгээ баталснаар 2025 оны төсвийн зарлагын дээд хэмжээг 33 их наяд төгрөг байхаар алдагдалгүй болгож баталлаа.
Манай улс 2024 оныг хамгийн олон айлчлал хэрэгжүүлсэн амжилттайгаар үдэж байна. Зөвхөн төрийн тэргүүний түвшинд гэхэд 15 айлчлал хэрэгжсэн нь манай улсын гадаад харилцааны оргил жил байсныг илтгэнэ.
Эдгээр айлчлалаас заримыг нь онцолбол Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийнхээ хамт манай улсад айлчилж, монголчуудтай хамт наадан, говь нутгаар аялсан. Энэхүү үйл явдал нь хаан ширээнд заларч буй хүн Монгол Улсад анх удаа айлчилсан тохиолдол болон тэмдэглэгдэж буй.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путиний Монголд хийсэн албан ёсны дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа. Мөн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад айлчлахдаа Стратегийн түншлэлийн харилцаа тогтоов. Ингэснээр Монгол Улстай стратегийн түншлэл тогтоосон буурал тивийн анхны улс нь болж байна.
Түүнчлэн БНХАУ-ын Дэд дарга Хань Жөн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон зэрэг эрхэм манай улсад айлчилсны зэрэгцээ Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулж, 15 улсын төрийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд нар болон 20 орчим улсын төрийн бус байгууллага, бизнес, спорт, урлагийн нөлөө бүхий манлайлагчид зэрэг гадаад, дотоодын 800 гаруй зочдыг оролцууллаа.
Үүний зэрэгцээ манай улс энэ онд Төв Азийн орнуудтай харилцаагаа идэвхжүүлж, харилцан айлчлалууд хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдийн уулзалтуудыг ч амжилттай зохион байгуулав.
Олон жил сураггүй байсан хамтлагууд эргэн нэгдэж, урт удаан уран бүтээлээ туурвиагүй уран бүтээлчид шинэ цомгоо гаргаж, тоглолтоо хийсэн дуу хуурын ертөнцөд хур буусан жил байлаа. Салах нь салж, нийлэх нь нийлээд ч амжив. Зарим тоглолтууд эртнээс төлөвлөгдөж байсан бол ихэнх нь гэнэтийн байсан нь ар араасаа олон тоглолт болсны шалтгаан байв.
Түүнчлэн Монголыг сурталчлах алсын зорилготой Солонгос одуудыг Монголд авчирсан тоглолтууд үзэгчдэд шинэлэг зүйл байсныг дурдах нь зүйн хэрэг биз ээ.
Албан бус тоогоор Hit болон Happy park, Төв цэнгэлдэхэд 5-9 дүгээр сарын хооронд нийт 18 тоглолт болсон нь Улаанбаатарт дулааны саруудад долоо хоног болгон томоохон хэмжээний тоглолттой байсан гэсэн үг юм.
Зуны олимпын XXXIII наадамд Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны 206 гишүүн "Парис 2024"-д оролцсон. Тэднээс 92 нь медаль хүртсэний нэг нь Монгол Улс. Олимпын нээлтийн маргааш нь жүдогийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Бавуудоржийн Баасанхүү МӨНГӨН медаль хүртсэн юм.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард тивийн аварга, тавдугаар сард дэлхийд алтан медаль хүртсэн амжилтаа Парист бататгасан. Түүний медаль Парисын олимпоос Монголын багийн авсан цор ганц, олимпын түүхэнд монгол тамирчдын зүүсэн 12 дахь, эмэгтэй тамирчдаас гурав дахь мөнгөн медаль байлаа.
Энэ амжилтаар манай улс медалийн чанараар Кипр, Фижи, Йордан, Панамын хамтаар 74 дүгээр байр эзэлсэн билээ.
2000 оноос хойш паралимпад хүч сорьсон манай тамирчид Францын наадмаас өмнө дөрвөн медаль хүртсэн бол энэ удаад 12 хүний бүрэлдэхүүнтэй очоод нэг алт, гурван мөнгөн медаль "түүж" элэг нэгтнүүдээ баярлуулсан.
Медалийн тавцанд гишгэсэн 85 орноос монголчууд 57 дугаарт жагссан юм. Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алт, эрэгтэйчүүдийн 63 кг-д Г.Болор-Эрдэнэ, бөөрөнцөг түлхэлтээр Ц.Баттулга, пауэрлифтэнгээр Э.Содномпилжээ нар мөнгөн медаль авснаар түүхэн амжилт үзүүллээ.
У.Сүрэнжав паралимпын алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болсон бол Э.Содномпилжээ гурван паралимп дараалан медаль хүртсэн юм.
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр өндөрлөсөн.
Үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 512 бөхөөс Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурь ес даван түрүүлж Монгол бөхийн түүхэнд 10 дахь ДАРХАН АВАРГА болсон юм.
2024 оны УИХ-ын сонгуулиар бүрэлдсэн парламент, Засгийн газар эрчим хүчний салбарыг шинэчилнэ хэмээн үндэсний хороо байгуулан ажиллаж байна. Энэ салбарыг шинэчлэхийн тулд хамгийн түрүүнд тарифыг өөрийн өртөгт нь ойртуулна хэмээснээр 0-150 кВт.ц хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 150-300 кВт.ц хүртэлх хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тооцохоор болсноо арваннэгдүгээр сарын 15-нд Эрчим Хүчний Зохицуулах Хороо танилцуулсан.
Одоогоор Эрчим хүчний реформын хүрээнд тариф шинэчлэхээс өөр ажил хараахан хийгээгүй байна. Шадар сайд Т.Доржханд эрчим хүч экспортлогч орон болно гэж арванхоёрдугаар сарын 10-нд мэдэгдсэн ч тэр оройдоо л нийслэл даяараа шахам тоггүй болж, лаа чүдэнзний эрэлд гарцгаасан нь бидний бодит байдал.
Он дуустал өдөрт 1-2 цаг цахилгаан хязгаарлалт үргэлжилж, шинэ онд байдал дээрдэнэ гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлсэн. Мөн тэрбээр 2027 оны наадам гэхэд Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангана гэж буй.