Уншиж байна ...
Зураг
Зураг

С.Одонтуяа: Одоо байгаа түлшийг гуравдугаар сарын 1-нээс хойш хэрэглэхгүй байх зорилт тавин ажиллаж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаар, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооноос өнөөдөр хийж хэрэгжүүлж буй ажлынхаа явц болон цаашдын төлөвлөгөөгөө мэдээлэв.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд тус хорооноос нийслэл хотод түүхий нүүрс хэрэглэж буй газруудын талаар танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргажээ. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "СЭМҮТ гэхэд 1960-аад онд ашиглаж байсан зуухыг одоо ч хэрэглэдэг, түүхий нүүрсээр галладаг. Энэ байгууллагыг төвийн шугамд нэнэ яаралтай холбох нь зүйтэй гэж үзсэн.

Мөн Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэг халаадаг хувийн уурын зуухууд бий. Эдгээрийн түүхий нүүрсийг яаралтай өөрчлөх асуудлыг ярьж байгаа. 

Агаарын бохирдлын шалтгааны 20 гаруй хувийг бүрдүүлж буй автомашины түлшний асуудлыг Эрдэс Баялаг, Аж Үйлдвэрийн Яам хариуцахаар болсон. Шаардлагатай тохиолдолд онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, технологийн өндөр түвшний шатахуун ашиглаж буй газруудад ямар нэг байдлаар урамшуулал өгөх хөшүүрэг зэрэг шийдлийг тус яам боловсруулна" гэв.

Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад бусад улсын туршлагыг судалж, зөвлөх баг урьж ажиллуулах чиглэлийг Ерөнхий сайд өгчээ. Иймд Бээжингийн агаарын бохирдлыг бууруулах туршлагыг судалж, мэргэжилтнүүд урьж авчрахаар төлөвлөж буйгаа сайд С.Одонтуяа танилцуулсан.

Мөн тэрбээр "Нийслэлийнхэн маш олон төрлийн шийдлийг ярьж байгаа. Бид өмнөх алдаагаа давтахгүйн тулд Барилга, Хот Байгуулалтын Яам, Эрдэмтдийн зөвлөлийг байгуулж, шийдлүүдэд үнэлэлт дүгнэлт өгөх, өртөг зардлыг тооцоолох ажлыг хийнэ. 

Түлштэй хольсноор утаа буурч, хоруу чанар нь багасдаг гаднын нанотехнологи их байдаг юм байна. Үүнийг шинжилгээнд өгсөн. Хүний бие, эрүүл мэндэд хоргүй гэсэн дүгнэлт гарвал албан ёсоор иргэдэд зарлаж, туршилт эхлүүлнэ. 

Ерөнхий сайд өөрөө удахгүй "Тавантолгой түлш" ХХК дээр очиж, туршилтуудыг үзэж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар болсон.

"Эрдэнэс Тавантолгой"-н 0 давхаргын нүүрсийг ашиглах асуудлыг ярилцаж байна. Одоо байгаа түлшийг гуравдугаар сарын 1-нээс хойш хэрэглэхгүй байхаар зорилт тавин ажиллаж байна" хэмээлээ.