Уншиж байна ...
Зураг
Зураг

Усан доорх шугамууд тасарсны дараа Финландын мөрдөгчид Балтийн тэнгисийн ёроолоос зангуу чирсэн ул мөрийг илрүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Финланд, Эстони улсуудыг Балтийн тэнгисийн усан доогуур холбосон эрчим хүчний нэг шугам, интернэтийн гурван кабель тасарсан юм.

Финландын эрх баригчид үүнийг хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэж үзээд шалгаж байгаа.

Шалгалтын хүрээнд Күүкийн арлуудад бүртгэлтэй “Eagle S” ачаа тээврийн хөлгийг саатуулсан юм. Хоригт орсон Оросын газрын тосыг хулгайгаар тээвэрлэдэг уг хөлөг тэнгисийн усанд гэмтэл гарах үед тухайн хэсэгт зорчиж байжээ.

Тэгвэл Финландын мөрдөгчид тус хөлөг хэдэн арван километр зайд зангуугаа чирч явсныг батлах ул мөрийг Балтийн тэнгисийн ёроолоос илрүүлснээ Ням гарагт зарласан байна.

Тиймээс тэнгисийн ёроолд байрладаг дэд бүтцийг санаатай гэмтээсэн байх магадлалтай болжээ.

2022 онд Украинд дайн эхэлснээс хойш Балтийн тэнгисийн орнуудад усан доорх эрчим хүчний шугам, харилцаа холбооны кабель, хий дамжуулах хоолой гэмтэх явдал олон удаа тохиолдох болсон юм.

Үүнийг Оросын үйлдсэн хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэж сэжиглэдэг. Харин Оросын эрх баригчид уг сэжгийг эрс няцаадаг юм.

Дээрх хэрэг явдалтай холбогдуулан Балтийн тэнгисийн бүс нутагт харуул хамгаалалтаа чангатгах болсныг Баасан гарагт НАТО зарласан.

Лхагва гарагийн үд дунд Финланд, Эстони улсуудыг холбодог 658 мегаваттын Estlink 2 шугам тасарсан юм. Үүний улмаас хоёр улсын хооронд зөвхөн 358 мегаваттын Estlink 1 шугам үлдсэн байна.

Тасарсан шугамыг ирэх оны наймдугаар сараас өмнө сэргээн засварлах боломгүй гэж Финландын оператор компани мэдэгдээд байгаа. Үүний дараа хоёр улсыг холбодог интернэтийн гурван тусдаа кабель тасарсан юм.

“Зангуу чирсэн мөр хэдэн арван километр үргэлжилсэн байна” гэж Финландын Үндэсний Мөрдөн Байцаах Товчооны ахлах мэргэжилтэн Сами Паила өчигдөр мэдэгджээ.

Саатуулагдсан “Eagle S” хөлгийг Финландын эрх баригчид хоригт орсон Оросын газрын тосыг хулгайгаар тээвэрлэн борлуулдаг “сүүдрийн флот” гэгчийн бүрэлдэхүүнд байдаг гэж үзэж байна.

Уг хөлөг одоо Финландын боомтод саатуулагдаж, багийн гишүүд нь байцаагдаж байгаа юм. Баасан гарагт хэвлэлд нийтлэгдсэн гэрэл зурагт үзүүлснээр хөлгийн боомт талын зангуу алга болсон байжээ.

Уг хэрэгт холбоогүй тул Финландад саатуулагдсан хөлөгт санаа зовохгүй байгаагаа Кремлийн хэвлэлийн алба Баасан гарагт мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters