Өсөлтөө хамтдаа тэмдэглэж, өрнүүн их үйлс амжилттай шинэ оноо угтах гэж буй энэ мөчид ХААН Банкны эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагчид, итгэлт түншүүд, нийт ажилтнууд болон монгол түмэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе!
Хамтдаа өссөн үйлс төгөлдөр нэгэн он улиран одох гэж байна. 2024 онд Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ой тохиолоо. Банкны салбарын түүхийн 33 жилд ХААН Банк тасралтгүй өсөж, дэвжиж, энэ хугацаанд санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, найдвартай ганхашгүй байдлаараа харилцагчдынхаа итгэлийг хүлээн, ТОП 100 аж ахуйн нэгжийн 3-рт бичигдсэн, үндэсний хэмжээний тэргүүлэгч банк болоод байна.
Манай хамт олон банкны үйлчилгээг бүрэн цахимжуулах, ногоон ирээдүйг бүтээх, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ үйлсэд бусдыгаа манлайлаад зогсохгүй өөрсдөөрөө үлгэрлэхээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Мөн тэргүүлэгч банкны хувьд орон нутгийн бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдэд цогц үйлчилгээ үзүүлэхээр аймаг болгонд Бизнес төвүүдийг байгууллаа. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, кластераар нь дэмжихэд ирэх онд бид олон ажил хийхээр төлөвлөөд байна.
Алхам алхмаар хамтдаа өсөлтийн түүхийг бүтээж ирсэн харилцагчид, түншүүд, хувьцаа эзэмшигчид, ажилтнууддаа, мөн ХААН Банкаар үйлчлүүлдэг хүн бүхэнд баярлалаа.
2025 онд олон гайхалтай түүхийг хамтдаа бүтээхийг хүсэн ерөөе. Монголын айл өрх бүрийн хойморт аз жаргал бялхаж, ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөе! Шинэ оны мэнд хүргэе!
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!