Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр нь жилдээ 30 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг төрийн өмчит компани юм.
Тус компани нь 2024 онд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 34,9 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс 25,9 мянган тонныг борлуулан 85,1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Харин уул уурхайн үйлдвэрлэлээр 2,1сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэснээс экспортод 1,1 сая тонныг нийлүүлэн 207,1 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, нийтдээ 292,2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.
Компанийн удирдлага, менежментийн баг биржийн борлуулалтаа идэвхжүүлж, тээврийн эргэлтээ нэмэгдүүлснээр оны хоёрдугаар хагаст экспортын тээвэр 3 дахин нэмэгдсэн төдийгүй үр дүнд нь бодит үр ашиг 9,4 тэрбумаар нэмэгдсэн байна. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох “Дархан ҮТП” төслийн бэлтгэл ажлын хүрээнд стратегийн орд болох Төмөртэйн уурхайн нөөцөө нэмэгдүүлж, Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөл болон одоогийн гангийн үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах, нөөцөд байгаа ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллаж байна.
Мөн тус компанийн хамт олон экспортын тээврийн эргэлтээ нэмэгдүүлж, биржийн арилжаагаа илүү идэвхжүүлэн “Дархан ҮТП” буюу Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гангийн үйлдвэрийн мега төслийн эхний үе шатуудыг эхлүүлэх санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК –д өнөөдрийн байдлаар 36 нэгжид 1490 ажилтан ажиллаж байгаагийн 88 хувь нь орон нутгийн ажилтан ажиллагсад байгаа юм. Өдгөө 31 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь өнгөрч буй 2024 онд Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 74 мянган мод тарьж ургуулсан бол байгаль орчны нөхөн сэргээлтээр 12,6 га талбайд нөхөн сэргээлт хийж 60 га-г дүйцүүлэн хамгаалжээ. Тус компани байгаль орчинд ээлтэй, олон нийтэд нээлттэй үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийн байдлаар 4,4 сая хүн/цаг тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!