Уншиж байна ...
Зураг
Зураг

Холливүүдийн од Кеану Ривзийн гэрээсээ хулгайд алдсан бугуйн цагнууд Чили улсаас олджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“John Wick” киноны од Кеану Ривзийн гурван бугуйн цагийг олсноо Чили улсын цагдаагийн байгууллага Ням гарагт мэдээлжээ.

Эдгээрийг Ривз 2023 онд Лос-Анжелес дахь гэрээсээ хулгайд алдаж байсан юм байна.

Тэдгээрийн нэг болох Rolex Submariner цаг дээр  “2021, JW4, thank you. The John Wick Five” гэсэн үгсийг жүжигчний нэрийн хамт сийлсэн байжээ.

2021 онд Ривз ийм бугуйн цагаар “John Wick: Chapter 4” кинонд хамт ажилласан орлон тоглогчдоо шагнаж байсан гэдэг.

Ийм цагны нэг бүрийн үнэ $9,000 болохыг Rolex брэндийн вэб сайтаас харж болно.

Сонирхолтой нь Ривзийн бүтээсэн Жон Викийн дүрийн үйл явдал гэрийг нь ухаж, нохойг нь алсан этгээдүүдээс өшөө авч байгаагаар эхэлдэг.

Бямба гарагт Чилийн цагдаа нар хэд хэдэн хулгай дээрмийн хэргийн мөрөөр нийслэл Сантьяго хотын зүүн дүүрэгт тусгай ажиллагаа явуулахдаа сэжигтний эзэмшлээс дээрх цагнуудыг олжээ.

Цагнуудыг илрүүлснийхээ дараа тэд АНУ-ын мэргэжил нэгтнүүдтэйгээ холбогдож, 2023 онд Ривзийн гэрээс алдагдсан эд зүйлс болохыг тогтоосон байна.

Сантьягод явуулсан ажиллагааны үеэр 21 настай сэжигтнийг баривчилжээ.

Кеану Ривз хэд хэдэн удаа хулгайн хэргийн хохирогч болж байсан түүхтэй. Бүр 2014 онд түүний гэрт гурван өдрийн дотор хоёр удаа хулгай орсон гэдэг.

 

Эх сурвалж: CNN