Уншиж байна ...
Зураг
Зураг

"Барилгажсан дүүрэг, хороод, Драгон төвийн хойноос III, IV хорооллын хойд дэнж хүртэл, Гандан, 32-ын тойргийг яндангүй бүсээр зарлана"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд 2025 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын тухай Нийслэлийн Агаар Орчны Бохирдолтой Тэмцэх Газрын дарга Д.Мөнхбаатар өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр "Эхний ээлжид хууль эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. 

Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж байна. Үүнийг 2025 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-аар батлуулахыг зорьж байгаа. Уг хуулийн агуулга нь утаагүй, яндангүй бүс гэдгийг маш тодорхой оруулж байгаа. 

Яндангүй бүсэд ямарваа нэг байдлаар гэр, байшинд гал түлэхийг хориглоно. Иймд LNG, LPG буюу шингэрүүлсэн шатдаг хийг нэвтрүүлнэ. 2025 онд 40,000 айлд байгалийн шатдаг шингэрүүлсэн хийд холбохоор төлөвлөн ажиллаж байна. 

Барилгажсан дүүрэг, хороод, Драгон төвийн хойноос III, IV хорооллын хойд дэнж хүртэл, Гандан, 32-ын тойргийг эхний ээлжид яндангүй бүсээр зарлах юм. Гандан, 32-ын тойрог болон яндангүй бүсэд хамаарч буй гэр хорооллын өрхийг керосин халаагуураар халаалтыг нь шийдэхээр судалж байгаа. 

Мөн ирэх онд Баянхошуу, Шархад дэд төвд 520 айл, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 3,858, нийт 4,378 айл орон сууцанд орохоор байна. Нийслэлийн хэмжээнд монгол гэрт амьдарч буй 95,000 өрхийн гэрийг дулаалж, эхний удаад 32,000 айлын зуухыг давхар шаталтат зуухаар хангана" гэв.

95,000 айлын гэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулаалах бол 32,000 зуухыг үнэ төлбөргүй өгөх үү, зээлээр олгох уу гэх асуултад тодорхой хариулт өгсөнгүй. 

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд жилд 150,000 тонн түүхий нүүрс хэрэглэдэг усан болон уурын халаалтын 174 зуухыг 2025 онд бүгдийг нь газ эсвэл цахилгаан зэргээр боломжит хувилбар руу шилжүүлэхээр төлөвлөжээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НАОБТГ-ын дарга Д.Мөнхбаатар "2025 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн Тавантолгой түлш компанийн түүхий эдийг солихоор судалж байна. Ингэхдээ нэгдүгээр хөх нүүрс, хоёрдугаарт Эрдэнэс Тавантолгойн 0 давхаргын нүүрсийг угааж баяжуулаад Тавантолгой түлшний түүхий эдийг сайжруулахаар судалж байгаа юм. Одоогоор лабораториудад шинжлүүлэхээр дээжийг өгсөн.

Ирэх онд "ТЭЦ II", "ТЭЦ III" зэрэг дулааны станцуудын яндангийн шүүлтүүрүүдийг цахилгаан болгоно. Үүний зэрэгцээ нийтийн тээвэрт явж буй 1,128 автобусанд газан болгох тоног төхөөрөмж нэмж суурилуулна.

Дотоод орчны бохирдлын хүрээнд цэцэрлэг, сургууль, эмнэлгийг онцгойлон үзэж байна. Иймд төрийн өмчийн 300 гаруй цэцэрлэгийн 30 хувийг ирэх онд дотоод орчны агаарын мэдрэгч, агааржуулалтын цогц системийг суурилуулна" гэлээ.