2024 оны онцлох хяналт шалгалт болон бусад асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
Энэхүү тойм мэдээллийг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид дараах байдлаар танилцуулсан юм.
Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүний эрхийг хангах гэдэг нь бүх төрийн байгууллагын хүлээх үүрэг юм.
Манай улсад хүний эрхийн тулгамдсан, шийдвэрлэх ёстой асуудлууд байсаар. Нэн тэргүүнд "халдашгүй байх" асуудлыг авч үзэх ёстой. Түүнээс гадна эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу агаарын бохирдол, утааны асуудал хөндөгдөнө. Мөн ус, хөрсний бохирдлыг шийдвэрлэх шаардлагатай.
"Халдашгүй байх" эрх гэдэг нь сэжигтэн, яллагдагчийг баривчлах, саатуулах, энэ хугацаанд шударга шүүхээр шүүлгэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид арга хэмжээ авахыг хэлж байгаа.
ХЭҮК 2024 онд 5.1 тэрбумын төсөвтэй үйл ажиллагаа явууллаа. Ингэхдээ 78 албан хаагчийн орон тоотой, 96 зорилтыг хэрэгжүүлсэн.
ХЭҮК 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд 1,286 гомдол буюу хамгийн их гомдол хүлээн авсан жил болсон. Гомдол их байгаагийн шалтгаан нь хүний эрхийн асуудал өссөнтэй холбоотой. Нөгөө талаас иргэд эрхээ хамгаалуулах мэдээлэл, ойлголттой болсон байна.
Иргэдийн гомдол мэдээллийг авч үзвэл Засгийн газар болон хууль сахиулах байгууллагуудад шаардлага зөвлөмжийг хамгийн их хүргүүлжээ" хэмээн хэлэв.
Эрүү шүүлт тулгахтай холбоотой хүний эрхийн асуудлын талаарх сэтгүүлчийн асуултад ХЭҮК-ын дарга Д.Сүнжид дараах хариултыг хэлэв.
Сэтгүүлч: Шударга шүүхээр шүүлгэх эрх яагаад зөрчигдөж байна вэ. Энэ чиглэлд ХЭҮК ямар зөвлөмж хүргүүлсэн бэ?
Д.Сүнжид: Энэ чиглэлд хийж байгаа ажлуудаа дахин дүгнэх хэрэгтэй байна.
Яагаад гэвэл 2017 оноос хэрэгжиж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд аль алийг нь оруулсан. Эрүү шүүлт тулгах гэмт хэргээр хэдэн хүн шийтгэл хүлээснийг үзэхэд нийт таван хэргээр 14 хүнд л хариуцлага оногдуулсан гэдэг дүн шинжилгээ шүүхээр гарч ирэх юм билээ.
Гэвч холбогдуулан шалгасан тоо олон буюу 400 орчим байна. Гомдлын ихэнх нь хэрэгсэхгүй болж байсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!