Ирэх онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийг танилцуулав. Тухайлбал ирэх онд 95,000 айл өрхийг дулаалах гэнэ.
Энэ талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах Засгийн газрын 62 дугаар тогтоолыг нэн яаралтай хэрэгжүүлэхээр нийслэлийн агентлаг, дүүргийн хэлтэс, албадын 80%-ийг дайчлан ажиллаж байна.
Уг үйл ажиллагааг Нийслэлийн Шуурхай Штабаас зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод гал түлж буй айл өрхөд зөвлөмж зөвлөгөө өгөх, түүхийн нүүрс түлж буй эсэхэд хяналт тавьж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хуулийн төслийг 2025 оны нэгдүгээр сарын 15-ны дотор батлуулахаар ажиллаж байна.
Хуулийн төсөлд нийслэлд яндангүй бүсийг байгуулах, 40,000 айлыг LNG, LPG, пентан зэрэг байгалийн хий хэрэглэдэг болгох тухай тусгасан.
2025 онд 5,000 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Агаарын бохирдол ихтэй цэгүүдийн айл өрхийг дулаална. Ирэх онд 95,000 айл өрхийг дулаална.
Нийслэлийн 300 гаруй цэцэрлэгт угаарын хий мэдрэгч суурилуулж, агааржуулагч цогц системийг нэвтрүүлнэ.
Үйлчилгээнд явж байгаа 1,100 гаруй автобусыг газын хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна" гэж өнөөдөр мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!