Уншиж байна ...
Зураг
Зураг

"176 уулзварын 2,600 камер гэмт хэрэг, зөрчлөөс гадна автомашин, явган зорчигчийн тооллого хийхэд ашиглагдана"

Б.Манлай
2024 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

НЗДТГ-аас нутгийн захиргааны байгууллага буюу 9 дүүргийн Засаг даргын дэргэд теле камерын хяналтын дэд төвийг байгуулж, Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд 2600 гаруй камерыг 2024 онд шинээр суурилуулаад байна. Мөн Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг 2025 оны нэгдүгээр сард нээх юм. Ингэснээр нийслэлийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон камеруудын ашиглалтыг сайжруулах зэрэг олон давуу талтай болж байна. Энэ талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяатай ярилцлаа.

-2024 онд нийслэлийн теле камерын нэгдсэн төв болон 9 дүүргийн теле камерын хяналтын дэд төвийг бий болгох бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Ажлын явц ямар байна вэ?

-НЗДТГ-аас дүүргүүдийн Засаг даргын дэргэд теле камерын хяналтын дэд төв байгуулах ажлын хүрээнд Налайх, Баянгол, Багахангай, Сонгинохайрхан, Багануур дүүргийн дэд төвүүдийг шинээр байгуулсан, одоо системийн туршилтууд хийгдэж байна. Харин Сүхбаатар дүүргийн дэд төвийн барилгын ажил явагдаж байгаа, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болсон тул ажлын явц бага зэрэг хойшлогдсон, тус гурван дүүргийн эрчим хүчний барилга угсралтын ажлыг улсын комисс хүлээн авах ажил хүлээгдэж байна. Улсын комисс ажиллаж хүлээн авсны дараа ашиглалтад ороход бэлэн болсон.

-Камерын хяналтын дэд төвүүдэд ямар камерууд холбогдох вэ?

-Дүүргүүдийн хэмжээнд одоо байгаа төрөөс тавьсан бүх төрлийн камерууд, гэр хорооллын гудамжны камерууд, нийтийн орон сууц, СӨХ, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвүүдийн хяналтын камерууд, хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын камерууд гээд бүгд камерын дэд хяналтын төвүүдэд холбогдож, цааш нэгдсэн удирдлагын төв рүү холбогдож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. 9 дүүргийн камерын хяналтын дэд төвүүд нэгдсэн удирдлагын төвтэй холбогдож, нэгдсэн удирдлагын төвөөс дэд төвүүдийн камерыг бүрэн удирдах боломжтой.

9 дүүрэг хоорондоо хяналтын камерын бичлэгээ солилцох боломжтой. Хэрэглэгчийн хувьд зөвхөн тусгай хүчний чиг үүргийн байгууллагууд болон шаардлагатай бусад байгууллага өөрсдийн хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд системийг ашиглаж болно.

-Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг хэзээ нээх вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 86 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолд дүүргийн Засаг даргын дэргэд камерын хяналтын дэд төв, нийслэлийн Засаг даргын дэргэд нэгдсэн удирдлагын төв байгуулахаар тусгагдсан. Энэ хүрээнд Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг 2025 оны нэгдүгээр сард нээхээр төлөвлөн  ажиллаж байна.

-Камерын хяналтын дэд төвийн үйл ажиллагааг энгийнээр тайлбарлавал?

-Өмнө нь нийслэл, дүүрэг, хороонд нэгдсэн системгүй олон төрлийн үйлдвэрлэгчийн камер, бичлэг хадгалах төхөөрөмж, янз янзын системүүд ашигладаг, стандарт шаардлага хангахгүй, нэгдсэн нэг системд холбох боломжгүй нөхцөл байдалтай, хяналтын камерын ашиглалт хангалтгүй байсан. Энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нэгдсэн системд холбох, удирдах, ашиглалтыг сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн тул дэд төвүүдийг байгуулж, Улаанбаатар хотын камеруудын дүрс мэдээллийг нэгтгэж, нэгдсэн удирдлагад оруулах, нэгдсэн удирдлагын төвөөс дэд төвүүд хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бий болгосон.

Мөн дүүрэг тус бүрд дэд төвийн үйл ажиллагааг хариуцсан бүтцийн нэгжийг дүүргүүдийн Засаг даргын дэргэд байгуулахаар Засгийн газрын тогтоолд заасан тул хяналтын камерын ашиглалт илт сайжирна. Өмнө нь хэрэгсэх эзэнгүй камеруудын асалтын хувь маш бага байсан бол цаашид камерын асалт, унтралт, ажиллагаа, арчилгааг дэд төвийн нэгжүүд хариуцаж, камерын ажилласан хугацаагаар нь буюу гүйцэтгэлд үндэслэж санхүүжилт олгох боломжтой болж байгаа юм.

-Дэд төвүүдийн дотоод зохион байгуулалт ямар вэ?

-Дэд төв бүр камерын удирдлагын төвд шаардлагатай ханан дэлгэц, серверийн өрөө, сүлжээний төхөөрөмжүүд, видео аналитик хийх боломжтой системүүдтэй болсон. Мөн дэлгэцийг ухаалгаар зохион байгуулах, хөдөлгөөнт төхөөрөмжийг алсын зайнаас удирдах зэрэг олон боломжийг бий болгосон. Дүүрэг бүрийн дэд төвүүд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ажиллах юм.

-Улаанбаатар хотын уулзвар, гарц, зам дээр 176 байршилд камер суурилуулж, ухаалаг удирдлагын нэгдсэн системд холбож байгаа шүү дээ. Хаана, ямар зориулалтаар камерууд суурилуулж байгаа вэ?

-2024 онд 176 уулзвар, гарц, зам дээр тусгай зориулалтын үүрэг бүхий тээврийн хэрэгслийн дугаар таних, авто замын хөдөлгөөнд хяналт хийх, нөхцөл байдлыг харах, бодит цагийн өгөгдөл цуглуулах, зөрчил илрүүлэх гэх мэт зорилготой нийт 2,600 ширхэг камер суурилуулаад байна. Бүх камер нэгдсэн төвийн сүлжээнд холбогдсон.

Хотын төвийн гол гудамж, замаас гадна Баянхошуу, Сонсголон, Налайх, Дүнжингарав, Богд уулын замаар харах зориулалттай камеруудыг мөн нэмэлтээр суурилуулсан. Тэр олон камерыг хүний хүчээр харж хянаж чадахгүй учраас ухаалаг удирдлагын системийг нэвтрүүлж, бүх камеруудыг нэгтгэсэн. Камерууд гэмт хэрэг, зөрчил илрүүлэхээс гадна тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн тооллого, судалгаа хийх, хөдөлгөөний эрчмийн хурдыг тодорхойлох зэрэг төрөл бүрээр ашиглагдах юм.

-Авто замыг бүрэн камержуулснаар ямар үр дүн гарч байна вэ?

-Авто замын хөдөлгөөнийг бүрэн хянаж, оновчтой зохион байгуулахын тулд бодит цагийн өгөгдөл, мэдээлэл маш чухал байдаг. Зорчилт хөдөлгөөн бүр цаг үетэйгээ холбоотойгоор өөрчлөгдөж байдаг. Зам дээр суурилуулсан камеруудын тусламжтайгаар зорчилт хөдөлгөөний мэдээллийг авах боломжтой болсон бөгөөд эдгээр дата, өгөгдөл дээр ажилласнаар гэрлэн дохиог ухаалгаар удирдах, замын хөдөлгөөний түгжрэл, саатал, осол аваарын мэдээллийг цаг тухайд нь мэдэх, олон нийтэд нээлттэй харуулах зэрэг олон давуу талтай.

Мөн гуравдагч эх үүсвэрийн дүрс бичлэгээс боловсруулалт хийх, орчны утаа, дулаан, гал түймэр мэдрэх, хүн, тээврийн хэрэгсэл зэрэг хөдөлгөөнийг мэдрэх боломжтой. Бид өмнө нь цөөхөн хяналтын камерууд болон хүний хүчээр тоолдог байсан бол одоо бүх уулзвар, замуудаас явган зорчигчийн тоо, тээврийн хэрэгслийн тоо, нийт зорчилт хөдөлгөөний мэдээллийг авах боломжтой болсон гэсэн үг.

-Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр камерууд нэмэгдсэнээр зөрчил илрүүлэлт хэр сайжирсан бэ?

-Өнөөдөр бид зам тээврийн осол саатлын мэдээллийг цаг тухайд нь харах боломж бүрдсэн. Өмнө нь уулзвар, зам, гарцыг бүрэн харах боломжгүй байршлууд их байсан. Мөн зам тээврийн зөрчил авто замын түгжрэлд 10-15 хувиар нөлөөлдөг.

Түгжрэлд хамгийн их нөлөө үзүүлж, замын хөдөлгөөнд саад учруулж байгаа гол зөрчлүүд болох гэрэл дохио зөрчих буюу улаан гэрлээр гарах, явган хүний гарцан дээр зогсох, уулзвар бүрэн нэвтрэх боломжгүй бол уулзварын гол руу орж түгжрэл үүсгэх, давхар эргэж бусдын хөдөлгөөнд саад учруулж осол аваар гарах нөхцөлийг бүрдүүлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчлийг эхний ээлжид хяналтын камераар илрүүлнэ. Энэ сарын 25-ны өдрөөс зарим зөрчилд торгууль ногдуулж эхэлсэн. Тэгэхээр авто замын уулзвар, гарцуудыг камержуулж, нэгдсэн удирдлагын төвөөс хяналт тавьснаар замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, хөдөлгөөнд соёлтой оролцох, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС