З.Мэндсайхан: Улаанбаатар хотын зардал дээр ямар нэгэн хяналт тавих боломжгүй хуулийн зохицуулалттай болсон
"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголын үеэр Сангийн сайд З.Мэндсайхан "Монгол Улсын төсвийн бодлого ба нийслэлийн төсвийн уялдаа, санхүүжилтийн эх үүсвэр, хууль тогтоомжид нийцсэн эсэх болон анхаарах асуудал (2024-2026 он)" сэдвээр илтгэл танилцуулсныг хүргэж байна.
Сангийн сайд З.Мэндсайхан "Улсын төсөв нийслэлийн төсөвтэй таван чиглэлээр харьцдаг. Улсын төсөв, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх чиг үүргийг тодорхой заагаагүй байдаг. Нийслэлд сургууль цэцэрлэг, зам талбай барих чиг үүрэг нь улсын төсөв дээр хадгалагддаг. Орон нутаг руу шилжүүлэхэд энэ ажлыг нийслэл дүүрэг хийхээр хуульчилж өгсөн.
Улаанбаатар хот улсын төсөвт төвлөрүүлэх орлого дээр 2021 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбоотой өөрчлөлт орсон. Өмнө төвлөрүүлэх суурь орлогын харьцаа 43.2 хувь байсан бол өнөөдөр 7.5 хувь болсон байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг нийслэлд буцаад шилжүүлдэг.
2026 оны байдлаар 3.4 их наяд төгрөгийн орлого төвлөрч байна. Нийслэл рүү 42.6 тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс олгодог.
Нийслэлийн төсвийн орлого 2025 оны гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос 24 хувиар өссөн. ХХОАТ болон ААНОТ нь нийслэлийн орлогын 70 орчим хувийг бүрдүүлж байгаа нь нэгдсэн төсвийн 40 орчим хувиас өндөр үзүүлэлт. Нийслэлийн орлогын 52 хувийг ХХОАТ бүрдүүлдэг.
Нийслэлийн төсвийн зарлага 2025 гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос 32 хувиар өссөн. 2022-2026 он хүртэлх хугацаанд зарлагад тасралтгүй тэлэлт үүссэн. 2022 онд 1.4 их наяд төгрөгийн зарлагатай байсан бол 2026 онд 7.8 их наяд төгрөгт хүрсэн.
Бид цаашдаа нийслэлийн төсвийн зардлыг хянах тогтолцоо оруулж ирэхгүй бол асуудал үүснэ. Оны төгсгөл рүү төсвийн алдагдлаа барихын тулд нийслэлийн санхүүжүүлэлтийг хязгаарлах байдал руу орно. Энэ асуудлууд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаас болсон. Төсвийн хуулиуд дээр байсан зарлагын бүтцийн эрх мэдлийг нийслэл дээр татаж авсан. Улсын төсөв дээр зөвхөн орлого талыг үлдээсэн.
Улаанбаатар хотын орлогыг хянаж болно, зардал дээр ямар нэгэн хяналт тавих боломжгүй хуулийн зохицуулалттай болсон.
Нийслэл өнөөдрийн байдлаар 2.5 их наяд төгрөгийн гадаад болон дотоодын үнэт цаас гаргасан байна. Энэ нь Засгийн газрын өр дээр бичигдэж байгаа, төлөлт дээр эрсдэл үүсвэл Засгийн газар хариуцаж төлнө, нийслэл төлөхгүй. Энэ нь улсын төсөвт маш том ачаалал болж орж ирнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

