Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн усны 98 хувийг голын урсгалд нийлүүлэхээр төлөвлөжээ
Улаанбаатар хотоос 53 километр, Зуунмод хотоос 10 километр зайд орших Хөшигийн хөндийд байгуулагдах Хүннү хотын суурь дэд бүтцийн ажлууд хэрэгжиж буй.
Нийслэлийн Нэгдсэн Төслийн Газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 40 гаруй, Сэргэлэн дэд станцын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бол 127.4 километр авто замын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил 40 орчим хувьд хүрчээ.
Сэргэлэн дэд станц нь 110/35/10 кВ-ын 2х40 МВт хүчин чадалтай бөгөөд Хүннү хотыг эрчим хүчээр хангах, төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадлыг өргөтгөх ач холбогдолтой байна.
Мөн 100 МВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 90 МВт хүчин чадалтай, 360 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлуурын станц байгуулахаар төлөвлөжээ.
Хүннү хотод баригдаж буй цэвэрлэх байгууламж нь хоногт 3,000 шоо метр ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, 35-40 мянган хүн амын бохир усыг татан зайлуулах боломжтой байна. Барилгын ажлыг 2027 оны IV улиралд бүрэн дуусгах аж. Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж байгаа билээ.
Цэвэрлэх байгууламжаас гарсан гүн цэвэршүүлсэн усны 98 хувийг хөрсөнд шингээлгүй, холбогдох аюулгүй байдлын шаардлагыг ханган 8.8 километр зайд голын урсгалд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Хүннү хотын дулаан хангамжийг газрын гүний дулааны эх үүсвэрээр хангах боломжтойг эрдэмтэн, судлаачид тогтоожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
