105 настай эрийг дайны үеэр Герман дахь Нацистын хорих газарт үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
105 настай эрэгтэйг дэлхийн хоёрдугаар дайны үеэр Герман дахь олзны цэргүүдийн хорих газарт үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээ тус улсын прокурорын байгууллага Пүрэв гарагт мэдээлжээ.
Сэжигтэн Германы баруун хойд хэсэгт оршиж байсан “Stalag 326 VI K” хуаранд харуулаар ажиллаж байсныг тогтоосон юм байна.
Дортмунд хотын прокурор Соня Фродерманн энэ хуаранд харуулаар ажиллаж байсан өөр нэг эрэгтэйг шалгаж эхэлсэн ч тэр хэдхэн сарын өмнө 99 насандаа таалал төгссөнийг мэдээлжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Зөвлөлтийн Улаан армийн 5.3 сая гаруй цэрэг Германд олзлогдож, тал орчим хувь нь амиа алдсан гэж үздэг.
Амьд үлдсэн цэргүүд нь эх орондоо буцсаны дараа урвагч хэмээн цоллуулж, хэлмэгдсэн байдаг.
Дээр дурдсан Stalag нь тухайн үедээ олзны цэргүүдийг хорьдог хамгийн том хуарангуудын нэг байжээ.
1941-1945 оны хооронд Нацистын Германд олзлогдсон Зөвлөлтийн цэргүүдийн гуравны нэг нь уг хуарангаар дамжсан байна.
Албадан хөдөлмөрт дайчлагдсан олзны цэргүүдийн амьдрах орчин нөхцөл маш хүн, харуулууд тэдэнд харгис хэрцгий ханддаг байсан гэдэг.
Stalag хуаранд бас Франц, Польш, Серби, Бельгийн цэргүүд хоригддог байжээ.
Прокурорын мэдэгдэлд 105 настай сэжигтэн олон тооны хүн амины хэрэгт хамсаатнаар оролцсон гэж буруутгагдаж байгааг дурдсан байна.
Нацист дэглэмийн үеийн гэмт хэргүүдийг шүүх боломжтой болгохын тулд Герман улс 1979 оноос хойш хүн амины хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй болгосон юм.
Гэвч дайн дууссанаас хойш 80 гаруй жилийн дараа гэмт хэрэгтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх нь маш хэцүү асуудал болоод байгаа. Учир нь тэдний ихэнх нь нас барсан, эсвэл маш өндөр настай болсон байгаа юм.
Дөрвөн жилийн өмнө Заксенхаузены хорих газрын харуул байсан 101 настай эрэгтэйд Германы шүүх хүн амины хэргийн хамсаатан байсан үндэслэлээр таван жилийн хорих ял оноож байв.
Иозеф Шульц хэмээх энэ хүн хуулийн хариуцлагад татагдсан хамгийн өндөр настай нацист гэмт хэрэгтэн болсон юм.
Гэвч тэр огт хоригдоогүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах явцдаа 2023 онд нас баржээ.
Хорих газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан эмэгтэйг 2022 онд хүн амины хэргийн хамсаатан байсанд буруутгаж, тэнсэн харгалзах ял оноож байв.
Тэрбээр өнгөрсөн онд 99 насандаа таалал төгссөн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
