Б.Дашпүрэв: ОХУ-аас 18,000 тонн, БНХАУ-аас 8,000 тонн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа тул үлдсэн хоногт тасалдал үүсэхгүй

П.Сайнжаргал, IKON.MN
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 105 Шатахуун Түгээх Станц (ШТС)-руу 987 тонн бүтээгдэхүүн, орон нутгийн 82 ШТС-руу 815 тонн АИ-92 төрлийн бүтээгдэхүүнийг түгээж ажилласан гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэллээ. 



Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 162 вагон цистерн буюу 9,720 тонн АИ-92 автобензин байна. Мөн буулгах өртөөдөд 32 вагон цистерн автобензин бэлэн болсон. 

Энэ сар дуусахад таван хоног дутуу байгаа. ОХУ-аас авах ёстой захиалгын хэмжээнээс 18,000 тонн автобензин авах дутуу байгаа.

Түүнчлэн БНХАУ-аас есдүгээр сард 8,000 тонн авто бензин авах захиалга хийсэн. Энэ бүтээгдэхүүн Замын-Үүд өртөөнд орж ирсэн бөгөөд яг одоо шилжүүлэн ачих байгууламжид шилжүүлэн ачилтыг хийж байна.

ОХУ-аас ачигдаж байгаа хэмжээ зарим өдөр багассантай холбогдолтой улсын хэмжээнд нөөц хэвийн түвшинд хангалттай өсөж чадахгүй байгаа.

Найман хоногийн нөөцтэй байсан бол 11 хоногийн нөөцтэй болж нөөц тодорхой хэмжээнд нэмэгдэж байсан. Гэвч ачилт багассантай холбоотойгоор буцаад нөөц нэг, хоёр хоногоор багассан нөхцөл байдалтай байна. 

Бид ОХУ-ын холбогдох хүмүүс рүү дамжуулж хэлж ярьж ачилтаа нэмэгдүүлэх хүсэлтээ тавьсаар байгаа. Захиалсан хэмжээ баталгаатай учраас бид бүхэн ачилтаа нэмэгдүүлээд өгөөч гэх хүсэлтийг үргэлжлүүлэн хүргүүлж ажиллаж байна.

Бидний өдөрт хэрэглэдэг хэрэглээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй ачилтууд гарч эхэлсэн. Түгээлтийг хэвийн хийхээр шуурхай штаб мэдээллээ солилцон ажиллаж байна” гэлээ.

Шатахуун Түгээх Станцуудад дараалал үүсэж эхэлсэнтэй холбогдуулан сэтгүүлчид дараах асуултыг асууж, хариулт авав. 

Сэтгүүлч: Улаанбаатар хотын ШТС-уудад дахин дараалал үүсээд эхэллээ. Хөдөө орон нутагт өглөөний 08:00 цагт, оройн 20:00 цагт шатахууныг хязгаартай олгож байна. Энэ нөхцөл байдал дахиад хэр хугацаанд үргэлжлэх юм бэ?

АҮЭБЯ-ны дарга Б.Дашпүрэв: Бид бүхэн дөрвөн сараас эхлэн зургаадугаар сар хүртэл нөөцөө нэмэгдүүлж, дотоодын аялал жуулчлал нэмэгдэхтэй холбогдолтой 42 хоногийн нөөц бүрдүүлж ажиллаж байсан.

ОХУ-ын дайны нөхцөл байдлын улмаас манай улс руу ачих бүтээгдэхүүний хэмжээ багассан. Зарим тохиолдолд зургаан хоногийн нөөц дээр очиж, улсаараа хонон өнжин дараалалд зогсох нөхцөл байдалд шилжсэн.

Эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх хүрээндээ Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон Гадаад харилцааны яам зэрэг бүхий л сувгаар хэлцлүүдийг үргэлжлүүлж ярьж байна. ОХУ-аас энгийн хэрэглээний үед бүтээгдэхүүн авах хэмжээг баталгаажуулж байгаа.

Мөн БНСУ, БНХАУ-аас бүтээгдэхүүн авах асуудлыг ярьж, Солонгос улсаас 2,000 тонн дизель түлш татан авсан. Хятад улсаас энэ сард 18,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн авахаар гэрээ хэлцэл хийж баталгаажсан. Үүний 8,000 тонн бүтээгдэхүүн нь АИ-92 евро-5 төрлийн автобензин ачигдаад ирж байгаа.

Вагон цистернийг 60-65 тонн байхаар тооцвол бид бүхний ердийн хэрэглээ хангагдах ёстой. Наймдугаар сард хангалт тасалдсантай холбоотойгоор хэмжээгээ нэмэгдүүлээд өгөөч гэдэг хүсэлтийн дагуу харьцангуй сайн ачиж, 38.3 вагон цистерний дундажтайгаар импортолсон. 

Есдүгээр сард дундаж нь 33 вагон цистерн буюу өмнөх сардаа тодорхой хэмжээнд хоёр, гурав хоногоор нөөц өсөж байсан нөхцөл байдал нь өнөөдөр чадан ядан хэрэглээгээ даах хэмжээнд асуудал үргэлжилж байна.

Түрүүн хэлсэнчлэн 18,000 тонн бүтээгдэхүүн ОХУ-аас, 8,000 тонн бүтээгдэхүүн БНХАУ-аас орж ирж байгаатай холбоотойгоор үлдсэн хоногуудад тасалдал үүсэхгүй.

Улаанбаатар хотод евро-5 төрлийн бүтээгдэхүүн болон АИ-95 төрлийн бүтээгдэхүүнд ямар нэгэн оочер байхгүй. Энгийн АИ-92 төрлийн буюу евро-2 төрлийн бүтээгдэхүүний үнэ хямдтай холбогдуулж оочер дугаар үүссэн нөхцөл байдалтай байгаа.

Үлдсэн хугацаанд евро-2 төрлийн бүтээгдэхүүний татан авалтыг нэмэгдүүлэх болно.