Их Британийн зэвсэгт хүчин Английн хоолойгоор нэвтрэх гэсэн Оросын “сүүдрийн флот”-ын хөлгийг саатуулжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Их Британийн зэвсэгт хүчин Английн хоолойгоор нэвтрэхийг завдсан Оросын “сүүдрийн флот” гэгчийн газрын тос тээвэрлэгч хөлгийг саатуулжээ.

Үүр шөнөөр явагдсан ажиллагаа зургаан цаг орчим хугацаанд үргэлжилж, Chinook нисдэг тэрэг, HMS Sutherland тэнгисийн байлдааны хөлөг зэрэг техник оролцсоныг тус улсын батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

“Хориг арга хэмжээг зөрчиж, Украины эсрэг харгис дайнаа санхүүжүүлэх гэсэн Оросын хүчин чармайлтыг зогсоох ажлын хүрээнд Их Британи улс анх удаа ийм ажиллагаа зохион байгуулж, SMYRTOS ачааны хөлөг дээр Хааны Тэнгисийн Цэргийн Хүчний дайчид, Үндэсний Гэмт Хэрэгтэй Тэмцэх Агентлагийн тусгай бэлтгэгдсэн ажилтнуудыг буулгалаа” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

Саатуулсан хөлгийг Английн өмнөд эргийн боомтод хүргэн байрлуулах гэнэ.

“Орос улс Украин дахь мөргөлдөөнөө санхүүжүүлэхийн тулд сүүдрийн флотыг ашигладаг бөгөөд бидний авсан арга хэмжээ Путиний хууль бус дайнд цохилт болох юм” гэж батлан хамгаалахын сайд Дэн Жарвис мэдэгдсэн байна.

Тэрбээр уг ажиллагааны үеэр Францын талтай нягт хамтран ажилласнаа энэ үеэр бас мэдээлжээ.

зураг
 

Английн хоолой нь Британийн арлыг Европын эх газрын Франц улсын эргээс тусгаарладаг тэнгисийн нарийн хэсэг юм.

Их Британи улс Украины дайн эхэлснээс хойш Оросын газрын тосыг хууль бусаар экспортлох ажлыг гүйцэтгэдэг хэдэн зуун ачааны хөлөгт хориг арга хэмжээ авсан байдаг.

Тэдгээр хөлгүүд Британийн боомтод нэвтрэх, засвар үйлчилгээ авах эрхгүй болсон гэсэн үг.

Энэ удаагийн ажиллагаа “Украины эсрэг дайныг санхүүжүүлэх оролдлогоо нууж чадахгүйг нь Путинд санууллаа” гэж Их Британийн ерөнхий сайд Кир Стармер мэдэгджээ.

Өнгөрсөн гуравдугаар сард тус улсын засгийн газар өөрийнх нь харьяа тэнгисийн усанд нэвтэрсэн “сүүдрийн флот”-ын хөлгүүдийг саатуулахаар болсноо зарлаж байсан юм.

Ираны дайнтай холбоотой газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлахын тулд Оросын хоригийг түр хугацаанд цуцлах шийдвэрийг Трампын засаг захиргаа гаргасны дараахан ийм арга хэмжээ авч байв.

Сүүлийн саруудад Франц, Бельги, Финланд зэрэг Европын улсууд өөрийн харьяа усан хилээр нэвтэрсэн ийм хөлгүүдийг саатуулах арга хэмжээ аваад байгаа.

Сүүдрийн флотын хөлгүүд хориотой газрын тос тээвэрлэхийн хажуугаар далайн усан доогуур татсан харилцаа холбооны кабель шугам, эрчим хүчний хоолой зэргийг эвдэх хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг болсон нь үүнд бас давхар нөлөөлж байна.

Их Британи улс дэлхийн бусад улс орнуудтай далай доогуур татсан 64 томоохон кабелийн шугамаар холбогддог юм.

 

Эх сурвалж: AFP