Дулааны шугамын засвар, шинэчлэл хийхдээ халуун усыг хязгаарладаг ч товлосон хугацаандаа холбохгүй байна
Нийслэл хотод дулааны шугам засварын ажил өнгөрсөн тавдугаар сараас эхлээд буй. Шугамыг засварлан шинэчлэх үеэр орон сууцны айл өрхүүд болон ААН, байгууллагын халуун усыг хязгаарлах төлөвлөгөөт хуваарийг "УБДС" ТӨХК-аас мэдээлж байгаа.
Гэвч засвар шинэчлэлийн ажил нийтэд зарласан хуваарийн дагуу дуусахгүй байгааг зарим иргэн хэлж байна.
Тухайлбал зургаадугаар сарын 2-ноос зургаадугаар сарын 12-ны хооронд 10 хоногийн хугацаанд Драгон, Москва хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарласан ч өнөөдрийн байдлаар оршин суугчдыг халуун усаар хангаагүй байна. Энэ талаар Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрын лавлах утсаар холбогдож асуухад "УБДС" ТӨХК-аас халуун усаар хангах хугацааг сунгасан гэсэн хариуг өгчээ.
Үүнээс өмнөх хуваариар Нисэх орчмын хэрэглэгчдийн халуун усыг товлосон хугацаанаасаа хоёр хоногийн дараа холбожээ.
Өнөөдөр л гэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хороолол, хотхонд засварын ажлыг эхлүүлнэ гэж мэдээлээд байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




