Улаанбаатар хотын 176 уулзварыг ухаалаг камерын системд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-нд шилжүүлнэ гэж хотын дарга өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.
Уулзварууд өнөөдрөөс ухаалаг системд нэгдсэн эсэхийг албаны эх сурвалжаас лавлахад "Улаанбаатар хотын 176 уулзварт камеруудаа суурилуулж, нэгдсэн системд холбосон. Одоо нарийн тохиргооны туршилтыг хийж байна.
Уулзварууд ухаалаг системд шилжсэнээр нэгдүгээрт өгөгдөл цуглуулна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурдыг дүйцүүлж тооцоолдог байсан бол одоо яг бодит байдлаас гаргана. Жишээ нь Энхтайвны өргөн чөлөөний дундаж хурд, хэчнээн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа өгөгдлийг цуглуулж гудамж замыг өргөтгөх, инженерчлэл хийх шийдэл гаргана.
Хоёрдугаарт уулзварууд дээр цагдаагийн алба хаагчийн оролцоогүйгээр зөрчил илрүүлж, торгууль ногдуулах зорилготой.
Зөвхөн хотын төвд бус гэрлэн дохиотой уулзвар бүрд ухаалаг камертай болсон. Захын хорооллуудад ч бий. Тухайлбал Баруун, Зүүн салааны уулзварт ухаалаг камерыг суурилуулсан.
Уулзварууд ухаалаг камерын системтэй болсноор ойрын хугацаанд цагдаагийн алба хаагчийг халахгүй. Зам дээр машин багтахгүй учраас цагдаагийн алба хаагч биет зохицуулалт хийнэ.
Цаашид жолооч нар уулзварт дүрэм зөрчихгүй болчихвол цагдаагийн алба хаагч зохицуулалт хийх шаардлагагүй болно" гэж тайлбарлалаа.
Уулзваруудыг ухаалаг камерын системтэй болгох төслийг НЗДТГ болон ЗХУТ хамтран хэрэгжүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!