Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхсан утгатай үйлдэл үзүүлсэн Мексикийн иргэн уучлал гуйжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

6.6 сая дагагчтай Өмнөд Солонгосын YouTube контент бүтээгч Ино Кэт өнгөрсөн Пүрэв гарагт Мексик улсын Гвадалахара хотын ойролцоох цэнгэлдэх хүрээлэнд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Солонгос-Чехийн тоглолтын дүрс бичлэгийг нийтэлсэн юм.

Энэ үеэр түүний ард суусан Мексикийн хөгжөөн дэмжигч эрэгтэй Ази хүмүүсийг доромжилсон утгатай үйлдэл үзүүлж байв.

Ино Кэт бичлэг дээрээ “Би хэт эмзэг байгаа бол та нар хэлээрэй” гээд “POV: ДАШТ дээр арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тулгарах үед” гэсэн тайлбар бичжээ.

Түүнийг бичлэгээ хийж байх үед ард нь суусан эрэгтэй долоовор хуруугаараа нүдээ хоёр тийш татан жартайлгаж байсан юм.

Ийм дохио зангаа Ази гаралтай хүмүүсийг доромжилсон утгатай үйлдэлд тооцогддог.

Бичлэгт дүрслэгдсэн эр Мексикийн Халиско мужийн инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Улисес Фернандо Бернал Мирамонтес гэгч болох нь сүүлд тогтоогдсон юм.

Үзэгчдийн бухимдал эрчимжсэн тул тэр өнгөрсөн амралтын өдөр олон нийтээс уучлал гуйсан мэдэгдэл нийтэлжээ.

“Ийм нөхцөл байдалд хүргэсэн бүх үйлдэлдээ би чин сэтгэлээсээ харамсаж байна. Би өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодож, ямар хариуцлага яригдаж байгааг ойлголоо. Би энд өөрийгөө зөвтгөх, эсвэл маргах гээгүй. Миний үйлдэл таагүй нөхцөл байдал үүсгэснийг хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ уучлал гуйж байгааг тодорхой бөгөөд хүндэтгэлтэйгээр илэрхийлж байна” гэж тэр мэдэгдсэн байна.

Берналын хэн болох нь нийтэд ил болсны дараа Халиско мужийн Инженерүүдийн Холбоо ерөнхийлөгчийнх нь байр суурь тус холбоотой хамаагүйг илэрхийлсэн мэдэгдэл гаргасан юм.

 

Эх сурвалж: Korea Times