Филиппинд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа далайн ёроол дээшээ хоёр метр өргөгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Филиппинд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа далайн ёроол хоёр метр хүртэл өргөгдөж, шүрэн хад уснаас ил гарч, далайн амьтад олноор үхэж үрэгдсэнийг тус улсын байгаль орчны яам Ням гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Минданао арлын өмнөд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөхөд доод тал нь 40 орчим хүн сураггүй алга болсон юм.

Газар хөдлөлтөөс хойш хоёр хоногийн дараа нутгийн иргэд “эргийн өргөлт” хэмээх геологийн үзэгдлийн талаар анх мэдээлсэн байна.

Үүний улмаас зарим газарт эргийн шугамын урт 200 метр хүртэл нэмэгджээ.

Далайн ёроолын Котабато Хонхор хэмээх геологийн тогтцын шилжилт хөдөлгөөн нь “Сарангани, Давао мужуудын эргийн зарим хэсгийг дээш өргөж, өмнө нь далайн усан доор байсан хэсгүүдийг ил гаргажээ” гэж Филиппиний Галт Уул, Газар Хөдлөлт Судлалын Хүрээлэн мэдээлсэн байна.

Минданао арлын өмнөд эргээс 50 км зайд оршдог Котабато Хонхор нь газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй бүс юм.

Ням гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн яамны албан тушаалтан геологийн энэ үзэгдэл хэр хэмжээний газар нутаг хамарсныг тогтоох ажил үргэлжилж байгааг хэлжээ.

Тус яамнаас орон нутгийн салбарынхаа вэб сайтад нийтэлсэн гэрэл зургуудад уснаас ил гарсан шүрэн хадан дээр үхсэн загаснууд болон далайн бусад амьтад хэвтэж байгааг харуулсан байна.

 

Эх сурвалж: AFP