Шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) АНУ-ын Нью Йорк хотод болж байна.
Рапид буюу түргэвчилсэн тоглолтын нээлттэй ангилалд ОХУ-ын 18 настай залуу их мастер Володар Мурзин 13 өргөөс 10 оноо авснаар энэ ангилалд аваргалсан хоёр дахь залуу тамирчин боллоо.
Түүнээс өмнө Узбекистаны их мастер Нодирбек Абдусатторов 2021 онд 17 настайдаа түрүүлснээр рекорд эзэмшдэг билээ.
Нээлттэй ангилалд 9.5 оноогоор ОХУ-ын их мастерууд болох Александр Грищук, Ян Непомнящий нар хоёр болон гуравдугаар байр эзэлжээ.
Манай шатарчдаас Олон Улсын мастер С.Ган-Эрдэнэ 6.5 оноогоор 180 шатарчдаас 88-д бичигдсэн бол 5.5 оноо авсан Г.Амартүвшин 127-д, их мастер Д.Батсүрэн 5 оноо авснаар 147-д жагслаа.
Эмэгтэйчүүдийн ангилалд Энэтхэгийн их мастер Хампи Конеру 8.5 оноогоор тэргүүлж, рапид төрөлд хоёр дахиа түрүүллээ. Тэрбээр 2019 онд Москвад болсон тэмцээнд өнгөлж байв.
Эмэгтэй их мастер Т.Мөнхзул 7 оноогоор 13 дугаар байрт бичигдсэн бол эмэгтэй их мастер Ү.Үүрийнтуяа 6 оноогоор 44-т, олон улсын мастер Б.Мөнгөнтуул 5 оноогоор 68-д, эмэгтэй олон улсын мастер Д.Мөнхзул 5 оноогоор 81-д жагслаа.
Сонирхуулахад Норвегийн их мастер Магнус Карлсен хувцаслалтын дүрэм зөрчсөнөөр рапид төрлийг орхисон. Үүний дараа Олон Улсын Шатрын Холбоо (FIDE) дүрмээ зөөлрүүлснээр М.Карлсен блиц төрөлд өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: FIDE
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!