Японы нийслэл Токио хотод Олон Улсын Бодибилдингийн Холбоо (IFBB) эмэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ), эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөв.
Дэлхийн 203 орныг эгнээндээ нэгтгэсэн IFBB холбооны 1,500 тамирчин оролцсон уг тэмцээнд гавьяат тамирчин Б.Сугарсүрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.
Ингэснээр тэр бодибилдингийн ДАШТ-д түрүүлсэн анхны тамирчин болж байгаа юм. Б.Сугарсүрэн өмнө нь тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа “Мастер Велнесс-40” ангилалд амжилтаа ахиулж, дэлхийн аварга болов.
IFBB холбооны ДАШТ-ээс Монголоос хоёр тамирчин гурван медаль хүртсэн байдаг. Тодруулбал гавьяат тамирчин Б.Сугарсүрэн алт, хүрэл, олон улсын хэмжээний мастер Ч.Цогтбаатар хүрэл медалийн эзэн болж байв. Энэ удаагийн тэмцээнд эмэгтэйчүүдийн ДАШТ-ий “Мастер Велнесс 35-39” насанд Д.Ариунаа VI байр эзэлсэн юм.
Харин IFBB-ийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээний “Эрэгтэй фит модель” ангиллаас Б.Гэрэлт-Од мөнгө, “Мастер Менс Физик 40” ангилалд Н.Хосбаяр хүрэл медалийн эзэн болжээ.
Манай улс IFBB холбоонд гишүүнээр элсээд 31 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд анхны дэлхийн аваргаа өлгийдөж авлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!