“Тэрбум мод сан”-гийн үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Монголын Банкны Холбооны байранд боллоо.
Энэ үеэр тус сангаас зарлаж буй анхны төслийнхөө удирдамжийг танилцуулсан юм.
Монголбанк, Монголын Банкны Холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар Тэрбум Мод Санг 2022 оны гуравдугаар сард үүсгэн байгуулж, тавдугаар сараас үйл ажиллагааг эхлүүлжээ.
"Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 12 банк санг санхүүжүүлэгч байгууллага болж, ₮1.4 тэрбумын эхлэлтийн санхүүжилтийг бүрдүүлсэн"
Тэрбум Мод Сангийн Удирдах зөвлөлийн дарга, МБХ-ны гүйцэтгэх захирал Л.Амар "Бодлогын дэмжигч байгууллагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, Байгаль орчин аялал жуулчлалын яам байх юм. Тэрбум Мод Сан дараах үндсэн дөрвөн зарчимтай. Үүнд,
- Үйл ажиллагаа, төслийн санхүүжилтийг нээлттэй, ил тод зарчмаар, олон улсын стандартын дагуу явуулна.
- Дотоод, гадаадын төрөл бүрийн эх үүсвэрээс хандив бүрдүүлж, тасралтгүй санхүүжилттэй болохыг зорино.
- Дотоод, гадаадын төрөл бүрийн эх үүсвэрээс хандив бүрдүүлж, тасралтгүй санхүүжилттэй болохыг зорино.
- Иргэд олон нийт, хувийн хэвшлийн идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх юм.
Сангийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үндсэн чиглэлд нийгэм, эдийн засгийн үр өгөөж өгөх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр зорин ажиллаж байна. Тэрбум Мод Үндэсний хөдөлгөөний стратегитай уялдуулан, санхүүжилт дутмаг байгаа хэсэгт санхүүжилтийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах гэж буй хэлэхэд таатай байна" гэв.
Тэрбум Мод Сангийн анхны төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах удирдамжийг Тэрбум Мод Сангийн гүйцэтгэх захирал, ТоС Холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь танилцууллаа.
"Төсөл сонгон шалгаруулах гурван чиглэл бий"
Тэрбээр “Төсөл сонгон шалгаруулах гурван чиглэл бий. Тодруулбал,
- Төрийн өмчит цэцэрлэг, сургуулийн ногоон байгууламжийн төслүүд. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит цэцэрлэг, ЕБС-ийн гадаа талбайд ногоон байгууламж байгуулах төслүүдэд санхүүжилт олгоно. Төслийн хэрэгжилтийг мэргэжлийн тохижилтын компаниудаар гүйцэтгүүлэх бөгөөд 30 хүртэлх сая төгрөг, 20 хүртэлх төсөлд олгоно.
- Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн төслүүд. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ойжуулах, ойн нөхөн сэргээлт, мод тарих чиглэлийн хамгийн багадаа 3 жилийн туршлагатай, өргөжүүлэх боломжтой төслүүдийг санхүүжүүлнэ. 50-100 сая төгрөг, 10 хүртэлх төсөлд олгоно.
- Олон нийтэд тогтвортой хөгжлийн мэдлэг, экологийн боловсрол олгох төслүүд. Олон нийтийн тогтвортой хөгжлийн мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажил, кампанит ажил, контент, медиа, анимейшн, боловсрол сургалтын хөтөлбөр гэх мэт экологийн боловсрол олгохтой холбоотой шинэлэг санал, санаачилгыг санхүүжүүлэх. 5-20 сая төгрөг, 10 хүртэлх төсөлд олгоно.
Төслийн материалыг 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр (17:00 цаг) хүртэл хүлээн авах бөгөөд 2023 оны хоёрдугаар улирал, бүх нийтээр мод тарих үндэсний өдөр төслүүдийн нээлтийг хийх аж. Мөн Төсөл хэрэгжиж дууссанаас хойш хоёр жилийн хугацаанд арчилгаа, үйл ажиллагааны тогтвортой байдлын талаар явцын тайлан ирүүлнэ” гэв.
Төсөлд тавигдах шаардлага:
- Төсөл нь гурван чиглэлийн аль нэгтэй нийцсэн байх;
- Төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү удирдамжийн 4-т заасан зорилтот бүлэгт хамаарч байх;
- Төслийн санхүүжилтийн дүн удирдамжийн шаардлагатай нийцсэн байх, шаардлагатай бол хамтын санхүүжилтийг төлөвлөсөн байх (Чиглэл 2-т хамаарна);
- Төсөл хэрэгжүүлэх газар, талбайтай холбоотой ямар нэгэн зөрчилгүй байх. Төсөл хэрэгжүүлэх газар дахин төлөвлөлтөд ороогүй байх, ойжуулалт хийх, мод тарих нөхцөл, орчин бүрдсэн байх (цэвдэг байхгүй, усалгаа хийх боломжтой байх), цэвэр усны нөөц, тусгай хамгаалалттай газар зэрэг экологийн өндөр ач холбогдолтой бүсүүдэд төсөл хэрэгжүүлэх бол шаардлагатай бүх зөвшөөрөл болон бусад холбогдох арга хэмжээг авч, баталгаажуулсан байх;
- Төслийн үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон байх (талбайн хэмжээ, модны тоо, амьдралтын хувь);
- Төсөл хэрэгжүүлэх явцад Сангийн хяналт тайлагнал, мэдээллийн шаардлагуудыг мөрдөж ажиллах, бусад төсөл хэрэгжүүлэгчид, олон нийтэд төслийн талаар туршлага, мэдлэгийг хуваалцахад нээлттэй байх;
- Төсөл хэрэгжих гэрээт хугацаа дууссанаас хойш цаашдын арчилгаа, үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх боломж, нөөцтэй байх;
- Өргөдлийн маягт, хавсралтуудыг бүрэн гүйцэд бөглөж, бүрдүүлсэн байх;
- Өмнө нь ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн гурваас дээш жилийн бодит туршлагатай байх (Чиглэл 1, 3-т хамаарахгүй);
- Хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөөний зурган мэдээлэл, ландшафтын зураг төслийг хавсаргах (Чиглэл 1, 3-т хамаарахгүй) байна.
Төсөл сонгон шалгаруулалтад оролцох нэгж, байгууллагууд
энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
ВИДЕО:
https://www.facebook.com/iKonNews/videos/5676711339061474
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!