Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Крипто валют хууль бусаар сурталчилсан Ким Кардашян $1.3 саяар торгуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Реалити шоуны од Ким Кардашяныг АНУ-ын Үнэт цаас, Арилжааны хороо крипто валютын хууль бус сурталчилгаа явуулсан хэрэгт буруутгаж, $1.3 саяын торгууль оноожээ.

Кардашян 2021 оны зургаадугаар сарын 13-ны өдөр 225 сая дагагчтай Инстаграм хуудсандаа Ethereum Max крипто валютыг сурталчилсан агуулгатай пост нийтэлж байсан гэнэ.

Ингэхдээ тэр энэхүү далд сурталчилгааныхаа төлөө бусдаас төлбөр авснаа нуусан нь илэрчээ.

Кардашянд оноосон торгуулийн хэмжээ $1 сая бөгөөд дээр нь тайлагнаагүй сурталчилгааны төлбөр $250,000, түүний хүү нийлээд бараг $1.3 сая болсон байна.

Сүүлийн үед сошиал платформд олон сая дагагчтай алдартнууд дижитал хөрөнгө сурталчилсан хэргээр шийтгүүлэх явдал гарах болсон юм.

Тухайлбал 2018 онд мэргэжлийн боксын тамирчин Флоид Мэйуидер $300,000-аар крипто хөрөнгө сурталчилсныхаа төлөө $600,000-ын торгууль хүлээсэн бол хөгжмийн продюсер DJ Khaled $50,000-аар сурталчлаад $150,000-ын торгууль хүлээж байжээ.

2020 онд кино жүжигчин Стивен Сигал бас ижил төрлийн сурталчилгаа явуулсныхаа төлөө $300,000-аар торгуулж байжээ.

Ким Кардашяны хөрөнгийн хэмжээг $1.8 тэрбум гэж Форбс сэтгүүл тооцоолсон байдаг. Хөрөнгөтэй нь харьцуулбал түүнд оноосон торгуулийн хэмжээ нь Америкийн дундаж гэр бүлийн хувьд ойролцоогоор $100-тай тэнцэх хэмжээний мөнгө юм байна. Америкийн дундаж гэр бүлийн хөрөнгийн хэмжээг $122,000 гэж Холбооны Нөөцийн банк тодорхойлсон байдаг.

 

Эх сурвалж: CNN