Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Наадмын тасалбарыг ₮400,000-аар худалдана гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү наадмын тасалбартай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Наадмын тасалбарын үнэ 400,000 төгрөгт хүрлээ гэх асуудал гарч байна. Тасалбарыг дамлахгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадаж байгаа юу?

- Олон нийтийн сүлжээнд Үндэсний их баяр наадмын тасалбарыг 400,000 төгрөгөөр худалдана гэсэн мэдээлэл тархсан. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.

Баяр наадмын тасалбарыг долдугаар сарын 1-нээс цахимаар борлуулж эхэлсэн. Ингэхдээ нэг хүн хоёр тасалбар л авах сонголттой байсан бөгөөд нэг хүн, нэг л зогсоолд тавихаар борлуулалт хийгдсэн.

Борлуулалтын явцад Тагнуулын байгууллага хяналт хийсэн. Мөн өмнө нь программын найдвартай байдалд бид хяналт тавьсан.

Харин энэ гарч байгаа асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, үнэхээр шаглаж зарсан асуудал байна уу эсвэл тасалбар авсан хүмүүс өөрсдөө боломжгүй болоод борлуулах гэж байгаа юу гэдгийг шалгаж тогтоох байх. Тогтоосны дараа мэдээлэл тодорхой болно.

- Тасалбар борлуулагдаж дууссан уу?

- Төв цэнгэлдэх хүрээлэн нь өөрөө 12,000 хүний суудалтай. Энэ нь Улаанбаатар хотын иргэдийн 0.07 хувь, улсын нийт иргэдийн 0.03 хувийг л хангах хэмжээний суудал гэсэн үг.

Тиймээс наадмын тасалбарыг иргэдэд хүртээмжтэй байдлаар хангаж, цахимаар борлуулсан. Тасалбар авч чадаагүй хүмүүс нэлээд үлдсэн байгаа.

"Наадмын борлуулалтын системийн хөгжүүлэлтийг хийсэн хувийн хэвшилд ямар нэг төлбөр төлөөгүй"

- Манайд олон хувийн хэвшлийн цахим худалдааны сайт байхад заавал наадамд зориулж шинэ хуудас нээж, хөгжүүлэх шаардлагатай байсан уу?

- Enaadam.mn цахим хуудас цаашид наадамд ашиглагдаад явна. Энэ сайт нь тусдаа Соёлын яамны захиалгаар хийгдэж байгаа.

Наадмын тасалбарыг цахимаар борлуулахдаа тухайн сайтыг ашигласан бөгөөд үүнд гэрээ хийж ажилласан хувийн хэвшилд ямар нэг төлбөр төлөөгүй. Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулж борлуулалтын системийн хөгжүүлэлтийг хийж өгсөн.

Яагаад нэг газар сонгож хийсэн бэ гэхээр цахим хандалтын ачаалал даах асуудалтай холбоотой. Нэг зэрэг 70,000 хүн хандахад ачааллаа даасан буюу сүлжээ унаагүй.

Наадмын тасалбар борлуулах үед нийт хоёр сая хүн тус сайтад хандсан. Энэ үед ч энэ сайтын ачаалал унаагүй. Ийм найдвартай байдлыг нь Цахим хөгжлийн яам шалгаж, тухайн ААН-тэй гэрээ байгуулан ажилласан.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/579630443802097