Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Найман шарга” зах болон банкуудын ханшийн зөрүү буурав

ikon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тавдугаар сар гарснаас хойш валютын захын нөхцөл байдал тогтворжиж, “Найман шарга” болон албан ханшийн зөрүү багасжээ. Тодруулбал, “Найман шарга” зах дээр ам.долларын авах, зарах ханш 3132/3135 төгрөг байна. Харин арилжааны банкуудын ам.доллар авах, зарах ханш дунджаар 3113/3125 төгрөгт хэлбэлзэж байна. Банкууд нийт дотоодын зах дээрх валют арилжааны 95%-ийг гүйцэтгэдэг бөгөөд хийгдсэн арилжааны дундаж ханшийг илэрхийлдэг Монголбанкны албан ханш 3118 төгрөг байгаа юм.

Өнгөрсөн 4 дүгээр сард банкууд ам.долларын арилжаан дээр 1 сая төгрөгийн хязгаар тогтоож, Найман шарга болон албан ханшийн хооронд 200 төгрөгийн зөрүү үүсээд байв. Валютын зах тогтворжиж, банкууд энэхүү хязгаарлалтаа цуцалснаар энэхүү зөрүү үндсэндээ арилжээ.

зураг
 

Түүхээс үзэхэд “Найман шарга” болон банкуудын валютын ханш үргэлж бага хэмжээний зөрүүтэй байдаг ч зарим үед зөрүү ихсэх үзэгдэл гарч байв. Тухайлбал, өмнө нь хэд хэдэн тохиолдол байна:

  • 2009 он (дэлхийн санхүүгийн хямрал)
  • 2013 он (түүхийн эдийн үнэ унаж валютын орох урсгал татарсан үе),
  • 2016 он (эдийн засаг хүндэрснээр Монгол Улс Валютын сангийн хөтөлбөрт орохын өмнөх үе)

Эдгээр тохиолдлоос 2009 оны эхэнд “Найман шарга” дээрх бэлэн валют зарах үнэ албан ханшаас 12 хувиар өндөр байсан нь түүхэнд хамгийн өндөр зөрүүг үүсгэсэн байдаг.

Монгол Улсад 11 арилжааны банк, валют арилжааны эрхтэй 146 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Байгууллага болгон ам.долларын арилжаанд нэг ханш баримтлах албагүй бөгөөд зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад банкууд болон 8 шарга дээр ханш өндөр ялгаатай тогтох боломжтой байна.