Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болормаа: Архины шалтгаантай элэгний биеэ даасан эмгэгийн тоо нэмэгдэж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Архины шалтгаантай нойр булчирхайн цочмог үрэвслийн тохиолдол жилээс жилд нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Тодруулбал, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт /УНТЭ/ 2017 оны байдлаар архинаас үүдэлтэй нойр булчирхайн үрэвсэлтэй 55 хүн эмчлүүлж байжээ. Энэ тоо 2020 онд 135 болж нэмэгдсэн байна.   

2022 оны эхний хоёр сарын байдлаар архины шалтгаантай нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй 23 хүн эмчлүүлснээс таван иргэн амь насаа алджээ. 

Үүнтэй холбоотойгоор УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Болормаа "Архи бол бүх эрхтэн системийг гэмтээдэг хор юм. Архи хэрэглэсний маргааш цовоо сэргэлэн, эрүүл саруул сэрэх нэг ч тохиолдол үгүй. Улмаар архинаас үүдэлтэй эмгэг өвчнөөр хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Мөн архины шалтгаантай элэгний биеэ даасан эмгэгийн тоо нэмэгдэх болсон.

Тухайлбал, архитай холбоотой нойр булчирхайн эмгэгийн нас баралтын тоо дорвитой буурахгүй байгаа. Өвчилж, нас барж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь эрэгтэйчүүд байдаг. 

Хөдөлмөр эрхлэх насандаа яваа идэр залуус энэ эмгэгт өртөж хөдөлмөрийн чадвараа алдах, улмаар амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэх боллоо. Тиймээс архины зохисгүй хэрэглээтэй алхам тутам тэмцэх нь иргэн бүрийн үүрэг юм" гэв.