Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны нэг сэдэв “үс халцралт” болоод байна

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигч нэгэн сонирхолтой зүйлийг сонгогчдод амласан нь тус улсын сонгогч иргэдийг талцуулаад байна.

Ардчилсан Намын нэр дэвшигч И Жэ Мюн хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол үс халцралтын эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас төлдөг болгохоо амлажээ.

Түүний хэлснээр өнөөдөр Өмнөд Солонгост 10 сая орчим хүн үс халцралттай тэмцэж, жил бүр их хэмжээний мөнгийг эмчилгээ арчилгаанд зарцуулдаг гэнэ.

И Жэ Мюн энэхүү амлалтаа сурталчилсан 15 секундийн урттай дүрс бичлэгийг сошиал сүлжээнд тараасан нь дуулиан болжээ.

Үс халцралтын асуудалтай хүмүүс нэр дэвшигчийн амлалтыг талархан хүлээж авч байна. Тэдний зарим нь хагас жилийн хугацаанд дөрвөн сая воныг эмчилгээ, арчилгаанд зарцуулдгаа ярьжээ. Иргэдийн зарим хэсэг нь И Жэ Мюний видео сурталчилгааг элэглэж, шүүмжилсэн агуулгатай постуудыг сошиал сүлжээнд тарааж байна.

Харин сөрөг хүчний жижиг намаас нэр дэвшигч Ан Чол Сү өрсөлдөгчийнхөө амлалтыг “популизм” гэж нэрлээд оронд нь түгээмэл хэрэглэгддэг эмийн үнийг бууруулах, анагаах ухааны шинэ судалгааг санхүүжүүлэхээ хариу амласан байна.

И Жэ Мюн өмнө нь Гёнги мужийн захирагчийн албан тушаалыг хашиж байхдаа бүх иргэдээ ажил хийдэг эсэхээс нь үл хамааран баталгаат орлогын доод хэмжээтэй болгох зэрэг олны анхаарал татсан санал гаргаж, нэлээд алдаршиж байжээ.

Судлаачдын үзэж байгаагаар хэрвээ эрүүл мэндийн даатгалын сангаас үсний арчилгаанд олон тэрбумыг гаргадаг болбол үүнээс илүү ноцтой өвчний эм, эмчилгээнд төлөх мөнгөгүй болох эрсдэлтэй гэнэ.

Одоогоор Өмнөд Солонгост үс халцралтын асуудалтай хэдэн хүн байдаг талаар албан ёсны тоо баримт байхгүй юм байна.

Лхагва гарагт И Жэ Мюн хэлэхдээ үс халцралтыг хүний эрүүл мэндийн чухал асуудлуудын нэг гэж тодорхойлоод санхүүгийн тооцооллыг нь гаргахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters