Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Татарстан дахь “Шахед” дроны агуулахад агаараас довтолсноо Украины тал мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Украины алсын тусгалтай нисгэгчгүй онгоцнууд ОХУ-ын Татарстаны нутаг дэвсгэрт оршдог “Шахед” загварын дроны агуулахад довтолсныг Украины аюулаас хамгаалах алба СБУ өчигдөр мэдээлжээ.

Энэ агуулахад Ираны “Шахед” загварын дронууд болон тэдгээрийг угсрахад ашиглагддаг эд ангиуд хадгалагдаж байсныг СБУ баталсан байна.

Уг агуулах оршдог Кзыл Юл тосгоноос 30 километрийн зайд байдаг Елабугад Шахед дроны угсралтын үйлдвэр байрладаг юм.

Алабугагийн эдийн засгийн тусгай бүсийн нэг хэсэг болох Дэн Сяопиний нэрэмжит ложистикийн терминал Украинд дронд оногдон шатаж байгааг харуулсан дүрс бичлэгийг Exilenova+ Телеграм суваг нийтэлжээ.

“Оросын газар нутгийн гүнд орших цэргийн байгууламжуудыг устгах ажлыг манай аюулгүй байдлын алба тууштай үргэлжлүүлж байна. Украинчуудыг шөнө бүр айлгадаг дайсны “Шахед” дроны агуулах бол манай хууль ёсны бай юм. Амжилттай болсон ажиллагаа бүр дайсны байлдах чадварыг бууруулдаг” гэж СБУ мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Гэсэн хэдий ч Татарстаны эрх баригчид агуулах нь цохилтод өртсөнийг няцаажээ.

Тухайлбал Татарстаны ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Лилия Галимова эдийн засгийн тусгай бүс агаарын цохилтод өртсөнийг “хуурамч мэдээ” гэж няцаагаад агуулахын ойролцоо газраас Украины унасан дроны сэг олдсоноос өөр зүйл болоогүйг мэдээлжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам Бямба гарагийн өглөө Татарстаны нутаг дэвсгэрт Украины гурван нисгэгчгүй онгоцыг устгаснаа бас мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Moscow Times