Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д унасан солир манай дэлхийгээс урт настай болохыг эрдэмтэд тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Зургаадугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Жоржиа мужийн нэг амины орон сууцны дээвэр дээр унасан солир манай дэлхийгээс урт настай сансрын биет байсныг НАСА баталжээ.

Макдоно хотын оршин суугчийн гэрийн дээврийг цөм цохисон уг биет 4.56 тэрбум жилийн өмнө үүссэн буюу дэлхийгээс 20 сая орчим жилийн өмнө үүссэн болохыг Жоржиагийн Их сургуулийн эрдэмтэд тогтоосон юм байна.

Тухайн өдөр тэнгэрээс чанга дуу чимээтэй галт бөмбөлөг унахыг Жоржиа болон түүний ойролцоох мужуудаас олон зуун хүн харжээ.

Унах замдаа солирын хэмжээ болон хурд нь эрс багассан ч барилгын дээвэр мөргөх үед хамгийн багадаа секундэд нэг километр орчим хурдтай байсныг судлаачид тогтоосон байна.

“Макдонод газардах хүртлээ энэ солир асар урт удаан түүхийг туулсан нь тодорхой боллоо” гэж Жоржиа Их сургуулийн геологич Скотт Харрис хэлжээ.

Харрисын баг оптик болон цахилгаан микроскоп ашиглан солирын насыг судалж тогтоосон юм.

“Макдоно Солир” гэж нэрлэгдсэн энэ биет Жоржиа мужаас олдсон 27 дахь солир болжээ.

“Энэ бол хэдэн арван жилийн хугацаанд ганц тохиолдох олдвор юм. Орчин үеийн технологи болон хүмүүсийн өгсөн мэдээлэл бидэнд улам олон солир олж илрүүлэхэд тусалж байна” гэж Харрис хэлээд судалгааны үр дүнгээ удахгүй шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлж, нийтийн хүртээл болгохоо амласан байна.

Эх сурвалж: BBC