Гуч гаруй жил Беларусийг хатуу гараар захирч буй Александр Лукашенко дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүйгээ өчигдөр амлажээ.
Баасан гарагт US Time сэтгүүлд түүний өгсөн ярилцлагын дүрс бичлэг цацагдсан юм. Энэ үеэр Лукашенкогоос бүрэн эрхийн хугацаагаа сунгах хүсэлтэй эсэхийг асуухад “Үгүй, надад тийм бодол алга” гэж хариулжээ.
70 настай Лукашенко 1994 оноос хойш Беларусийн ерөнхийлөгчийн албан тушаалыг тасралтгүй хашиж байгаа юм.
Өнгөрсөн нэгдүгээр сард болсон сонгуулиар тэр 2030 он хүртэл ажиллах эрхээ олж авсан. Гэхдээ энэ сонгуулийг шударга бус, чөлөөт бус болсон гэж олон улсын хэмжээнд дүгнэсэн юм.
2020 оны сонгуулиар дахин сонгогдоход нь Беларусь даяар иргэдийн томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байв.
Энэ хөдөлгөөний үеэр баривчлагдсан 1,200 орчим хүн одоо болтол шоронд хоригдож байгаа гэж хүний эрхийн байгууллагууд үздэг.
20 настай хүү Николайгаа залгамжлагч болгохоор бэлдэж буй гэх мэдээллийг Лукашенко өчигдөр няцаасан байна.
Гэхдээ дараагийн ерөнхийлөгч ямар ч хөгжлийн замыг сонгосон байсан “хуучин бүхнийг шууд үгүйсгэх ёсгүй” гэж үзэж байгаагаа тэр илэрхийлжээ.
Украины дайныг дуусгах асуудлаар АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар уулзах асуудал яригдаж буй цаг үед Лукашенкогийн ярилцлага цацагдаж байна.
Ярилцлагын үеэр Лукашенко 79 насандаа АНУ-ын ерөнхийлөгч Трамп шиг сайхан биеэ авч явахыг хүсэж байгаагаа зусардан ярьсныг Беларусийн төрийн мэдээллийн БелТА агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: DPA
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!