АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гадаад улсын нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулах нууц захирамжид гарын үсэг зурсан тухай Нью Йорк Таймс сонин Баасан гарагт мэдээлсэн юм.
Цагаан ордны хэвлэлийн алба энэ мэдээг шууд няцаагаагүй ч Трампын тэргүүлэх зорилт нь “эх орноо хамгаалах” болохыг мэдэгджээ.
Трампын нууц захирамж Латин Америкийн хар тамхины найман том картелын эсрэг чиглэж байгаа, тэдгээрийн зургаа нь Мексик улсад хамаардаг талаар Нью Йорк Таймс мэдээндээ дурдсан юм.
Тэгвэл Мексик улсын ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум ингэх боломжгүйг өчигдөр анхааруулжээ.
“АНУ цэргээ Мексикийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй. Бид бол хамтрагчид, хамтран ажиллах болно. Харин эзлэн түрэмгийлэл гэж байхгүй. Үүнийг бүрэн дүүрэн үгүйсгэж байна” гэж тэр хэлсэн юм.
Картелтэй тэмцэх арга хэмжээ авах гэж байгаагаа АНУ-ын засаг захиргаа өмнө нь мэдэгдэж байсан, гэхдээ энэ нь цэргийн хүч хэрэглэхтэй ямар ч холбоогүй болохыг Шэйнбаум хэлжээ.
Энэ оны эхээр хар тамхины картелуудыг террорист байгууллагын ангилалд оруулах шийдвэрийг Трамп гаргаж байв.
Тухайн үед Шэйнбаум “энэ шийдвэр манай тусгаар тогтнолд халдах боломжийг АНУ-д олгох ёсгүй” гэж анхааруулж байжээ.
Пүрэв гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио картелуудыг террорист ангилалд оруулснаар тэдэнтэй тэмцэх үйл ажиллагаанд тагнуулын албад болон батлан хамгаалах яамыг оролцуулах боломж олгож буйг тайлбарласан юм.
“Бид тэднийг хар тамхины наймаа эрхэлдэг байгууллага биш, зэвсэгт террорист байгууллага гэж үзэж эхлэх ёстой” гэж Рубио энэ үеэр хэлжээ.
Сүүлийн саруудад хоёр улсын хилээр хар тамхи болон хууль бус цагаач нэвтрэх явдлыг таслан зогсоохын тулд Мексик улс АНУ-тай идэвхтэй хамтран ажиллаж байгаа.
Үүний үр дүнд өнгөрсөн зургаадугаар сар түүхэнд хамгийн бага хил зөрчилттэй сар болсныг АНУ-ын Гааль, Хил Хамгаалалтын Албаны тайланд мэдээлж байв.
Мексикт суугаа АНУ-ын элчин сайд Рональд Жонсон хоёр улсын хил дээр фентанил хураагдсан тохиолдол хоёр дахин буурсныг өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
Тэрбээр Трамп, Шэйнбаум нарын хамтын ажиллагаа “картелуудыг дампууруулж, хоёр улсыг аюулгүй тайван болгох” ач холбогдолтойг сошиал хуудсандаа сайшаан бичсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!