Олон арван жил хоорондоо дайсагналцаж байсан Өвөр Кавказын Армени, Азербайжан улсуудын удирдагчид Цагаан ордонд энхийн гэрээ байгуулсныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.
Арменийн ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев нарын “түүхэн уулзалт” Цагаан ордонд болсныг тэр сошиал хуудсаараа мэдээлсэн юм.
“Армени, Азербайжан улсууд бүх зөрчил тэмцлээ үүрд зогсоож, худалдаа, аялал жуулчлал, дипломат харилцаагаа сэргээж, харилцан нэгнийхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхээ амлалаа” гэж Трамп мэдээлжээ.
Энэ үеэр Трамп бас Азербайжан улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд тавьсан хоригоо цуцалж буйг зарласан юм.
“Олон удирдагч дайныг зогсоохоор оролдож байсан ч Трампыг хүртэл хэн ч амжилт олоогүй юм” гэж тэр өөрийгөө магтсан байна.
Хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан загалмайн шашинтай Армени, исламын шашинтай Азербайжан улсууд хилийн болон газар нутгийн маргааны улмаас хэдэн арван жилийн турш дайсагналцаж байв.
Тэд армени үндэстэн олонх болдог ч Азербайжаны нутаг дэвсгэрт албан ёсоор тооцогддог Карабахын бүс нутгийн төлөө хоёр удаа дайтаж байлаа. 2023 онд Азербайжаны арми Арменийн дэмжлэгтэй салан тусгаарлагчдаас Карабахыг булаан авсны дараа энэ нутгаас 100,000 гаруй армени үндэстэн дүрвэсэн юм.
Хоёр улс энэ оны гуравдугаар сард энхийн гэрээ байгуулахаар тохиролцсон ч Азербайжаны тал хэд хэдэн болзол нэмж тавих болсон тул эцэслэн баталж чадаагүй.
Тухайлбал Карабахтай холбоотой маргаан дууссаныг үндсэн хуульдаа тусгахыг шаардаж байв.
Ерөнхий сайд Пашинян энэ асуудлаар 2027 онд бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөсөн ч Арменийн нийгэмд маргаантай сэдэв хэвээр байгаа.
Өчигдөр Цагаан ордонд байгуулсан гэрээгээр Азербайжаны үндсэн нутаг дэвсгэрээс таслагдсан Нахичеваний бүс нутгийг Арменийн нутгаар дамжуулан хуурай газраар холбох транзит коридор байгуулахаар талууд тохиролцжээ.
“Trump Route for International Peace and Prosperity” буюу TRIPP гэж нэрлэгдэж буй энэ коридорыг хөгжүүлэх онцгой эрх АНУ-д олгогдох гэнэ.
Хоёр улс бас тус тусдаа АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.
Уг үйл явдлаас хамгийн том ялагдал хүлээж буй талууд Орос, Хятад, Иран болж байгааг Цагаан ордны албан тушаалтан хэлсэн байна.
Өчигдөр бас Армени, Азербайжаны удирдагчид Трампын нэрийг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлэх санал гаргацгаажээ.
Өмнө нь Камбож, Тайланд болон Энэтхэг, Пакистан улсууд хоорондын мөргөлдөөнийг нь зогсооход гүйцэтгэсэн үүргийг нь үнэлж, ийм санаачилга гаргаж байсан юм.
“Гуч гаруй жил хоорондоо дайтаж байсан улс орнуудын удирдагчид түүхэн гэрээ байгуулж байгаа нь үнэхээр өндөр ач холбогдолтой үйл явдал юм” гэж Алиев энэ үеэр хэлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!