Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монос, Механик инженерийн сургуулийн уулзварыг олон түвшний болгоно

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод “Олон түвшний уулзвар” төслийг нийт 18 байршилд шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэхүү уулзварууд нь Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль (МИС), Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Зүүн 4 зам, Их Монгол зэрэг хотын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай зангилаануудыг хамрах юм байна. Эдгээр байршилд нийт 9,000 метр урт авто зам, 4,500 метр урт нүхэн гарц болон гүүрэн байгууламж шинээр барьснаар хотын гол чиглэлүүдийн авто замын хөдөлгөөн сааталгүй үргэлжлэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ.

Эхний ээлжид Моносын уулзвар, МИС-ийн уулзвар, Энхтайвны гүүрний баруун болон зүүн урд уулзвар, Офицерын тойрог, 32-ын тойрогт олон түвшний уулзварын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.

Одоогоор Монос болон МИС-ийн уулзварыг олон түвшний болгох зураг төслийг Хот төлөвлөлт, судалгааны институт боловсруулж, хөдөлгөөн зохион байгуулалтын эскиз зураг гарган, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн ажиллаж байгаа аж.

Монос болон МИС байршлын Техник, Эдийн Засгийн Үндэслэлийн/ТЭЗҮ/ ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж авто замын түгжрэл буурах тооцоо, судалгаа гарчээ.