Autobahn гэж нэрлэгддэг Герман улсын авто замын сүлжээ хурдны дээд хязгааргүйгээрээ дэлхийд алдартай. Тус улсын эрх баригчид болон авто уралдааны клубүүд энэ бодлогыг цааш үргэлжлүүлэх нь зөв эсэх тал дээр олон жил маргаж байгаа.
Гэхдээ замын тодорхой хэсгүүдэд, тухайлбал ачаалал ихтэй хэсэгт болон засвартай хэсэгт хурдны дээд хэмжээг хязгаарладаг.
Тэгвэл Германы баруун бүсийн Магдебург хотын ойролцоох зам дээр долдугаар сарын 28-ны өдөр нэг жолооч 321 км/цаг (199 mph) хурдтай зорчсоны улмаас шийтгүүлсэн тухай орон нутгийн цагдаагийн байгууллага энэ долоо хоногт мэдээлжээ.
Замын тухайн хэсгийн хурдны дээд хязгаар 120 км/цаг (75 mph) байсан тул зөрчил гаргасан жолоочийг 900 еврогоор торгож, жолооны үнэмлэхээс нь хоёр оноо хасаж, жолоо барих эрхийг нь гурван сараар цуцалсан тухай Магдебург хотын цагдаагийн газар Мягмар гарагт мэдээлсэн юм.
Замын хажууд байрлуулсан хурд хэмжигч Германы түүхэнд хамгийн өндөрт тооцогдох 321 км/цагийн хурдыг бүртгэж авсныг тэд баталжээ.
100,000 гаруй еврогийн үнэтэй Porsche Panamera автомашинаар зорчиж байсан зөрчил гаргагчийн нэрийг цагдаа нар зарлаагүй байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!