International Public Asset Management (IPAF) нэртэй ОУ-ын хурал Улаанбаатар хотод 2025 оны 8 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд болох гэж байна. Энэ хурлыг манай улсаас Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци болон Монголын актив удирдлагын корпораци (МАУК, англиар МАМСО) ХХК-аас хамтран зохион байгуулж байгаа аж. Үүнтэй холбогдуулан МАУК ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энхтөртэй ярилцсанаа хүргэе.
- Юуны өмнө, Монголын актив удирдлагын корпораци (МАУК) ХХК-ийн тухай танилцуулна уу, яагаад ийм компанийг анх үүсгэн байгуулах болсон шалтгаан, онцлогийн тухай мэдээлэл өгнө үү?
- МАУК ХХК бол чанаргүй зээлийн авлагыг хариуцан гүйцэтгэхээр (1)активын удирдлага ба (2)өр барагдуулах үндсэн үйл ажиллагааг анх удаа Улсын бүртгэлд бүртгүүлсэн, ийм бүртгэлтэй манай улсын анхны компани болсон гэж хэлж болно. Манай баг хамт олон бол банк татан буулгах, чанаргүй зээлийг шийдвэрлэж ирсэн туршлагатай, энэ чиглэлээр мэргэшсэн, олон улсын сургалтад хамрагддаг хүмүүсээс бүрдсэн ба цаашид дотоодын энэ мэргэшлийн туршлагыг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах, энэ салбартаа мэргэшсэн байгууллага болж улсынхаа банк санхүүгийн салбарын дэд бүтэц болон хөгжих зорилготой.
Түүхэн хөгжлийн тухай товчхон хэлэхэд, миний бие 2017 онд Хадгаламж банканд Банкны эрх хүлээн авагч (БЭХА)-ийн ажилд томилогдсон. БЭХА-ын нэг чухал ажил нь чанаргүй зээлийн авлага барагдуулах байдаг.
Тухайн үед улсын хэмжээнд банкны салбарын нийт чанаргүй зээлийн хэмжээ хоёр их наяд төгрөгт хүрсэн, үүнээс татан буугдсан Анод банк, татан буугдаж буй Зоос банк, Хадгаламж банкны чанаргүй зээлийн хэмжээ өндөр хэвээрээ, бусад салбар, ялангуяа төрийн байгууллагууд, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, мөн Нийслэл хот зэрэг байгууллагуудын чанаргүй зээлийн хэмжээг улсын хэмжээнд нэгтгэж бүртгэдэггүй боловч, энэ хэмжээг бага биш болох тухай хэвлэлээр мэр сэр мэдээлдэг байсан.
Улс оронд хурдацтай хуримтлагдаж буй нийт чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, түүнийг үр ашигтай шийдвэрлэдэг болох асуудал манай нийгэм, эдийн засаг, санхүүгийн салбарт тулгамдсан асуудал хэдийн болсон байв. Энэ тухай бид, ялангуяа бодлого боловсруулагч нараас байнга ярих боловч, үүнийг шийдвэрлэх бодитой арга зам нь тодорхойгүй байлаа. Нийгмийн зарим төлөөлөл нь энэ асуудлыг “актив удирдлагын компанийг хуулиар үүсгэн байгуулж шийдвэрлэх хэрэгтэй” гэх, нөгөө хэсэг нь үүнийг эсэргүүцэж “бас нэг төрийн байгууллага бий болгож зардал нэмэх нь буруу, банкуудын чанаргүй зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр шийдвэрлэх нь буруу” гэх зэргээр эсрэгцсэн санал, шүүмжлэл, мэдээлэл хэвлэлээр гарч байлаа.
Ийм тулгамдсан асуудалтай цаг үед бид “актив удирдлагын компанийг өнөөгийн эрх зүйн орчинд, төрөөс санхүүжилт авалгүйгээр үүсгэн байгуулж, түүгээр чанаргүй зээлийн авлагыг үр ашигтай шийдвэрлэх боломжтой юу?” гэсэн асуулт дэвшүүлж, түүний хариуг практикт туршиж үзэх байдлаар олохыг хичээсэн юм.
Энэ компанийг анх 2017 онд байгуулж, түүгээр дамжуулан чанаргүй зээл(ЧЗ)-ийн авлагыг барагдуулж үзэх туршилтын ажлыг эхлүүлсэн. Яаж вэ гэвэл, одоо татан буугдаж буй Хадгаламж банкны зарим (ЧЗ)-ийн зарим авлагыг энэ компаниар дамжуулан барагдуулах туршилтыг бид эхлүүлсэн. Үүнийг бид нэмэлт зардалгүйгээр гүйцэтгэсэн, жишээлбэл, энэ компанийн нэрээр Хадгаламж банк ХХК дахь БЭХА-ын ажилтнууд өөрсдөө гүйцэтгэсэн юм.
Энэ туршилтын зорилго нь одоогийн эрх зүйн орчинд ЧЗ-ийг барагдуулахад учирч буй саад бэрхшээлийг олж илрүүлэх, түүнийг шийдвэрлэх, даван тулах боломжийг нээж олох байсан.
Үүний үр дүнд бид олон янзын, олон сорилт бэрхшээлтэй учирсан боловч, тэр бүрийг амжилттай даван туулж, өнөөдөр багагүй туршлага хуримтлуулж чадсандаа баяртай байна.
Тэгэхээр МАУК ХХК-ийн гол онцлог нь банк татан буулгах туршлага дээр түшиглэн бий болсон актив удирдлагын компани гэдгээрээ бусад улс орны адил төстэй актив удирдлагын компаниудаас ялгарах болов уу.
- Туршилтын ажлаа одоо дууссан уу? Дууссанаас хойш хэрэгжүүлсэн ажлаа танилцуулна уу?
- Дууссан. Бид туршилтын ажлаа 2019 оны эцэст дуусгасан боловч, Ковид-19 цар тахлын улмаас энэ ажил хэсэг хугацаанд завсардсан.
Гэхдээ цар тахлын үеэр бид ЧЗ-ийн судалгааны ажил хийлээ. Хадгаламж банк бол цагтаа нөлөө бүхий банкны нэг байсан. Иймээс энэ банкыг татан буулгаж дуусгахаас нь өмнө түүний чанаргүй зээлийн мэдээллийг амжиж цуглуулах, тэдгээрт судалгаа хийх хэрэгтэй байсан. Энэ нь манай улсын ЧЗ-ийн эдийн засгийг хөгжүүлэхэд чухал байсан учраас Монголбанктай хамтран бид 4 чиглэлийн суурь судалгаа: (1)шийдвэрлэж дууссан чанаргүй зээлийн тухай, (2)шүүхийн журмаар чанаргүй зээлийг шийдвэрлэх тухай, (3)шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар чанаргүй зээлийг шийдвэрлэх тухай, (4)шийдвэрлэж дуусаагүй үлдсэн чанаргүй зээлийн тухай судалгаа хийж, энэ тухай мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
Жишээлбэл, ЧЗ-ийн авлага барагдуулж дууссан дундаж хугацаа нь 4.2 жил байгааг манай судалгаанаас үзэж болно. Энэ судалгаатай ЭНД ДАРЖ танилцаж болно.
Энэ бол урт хугацаа, тиймээс энэ хугацааг бууруулах шаардлага бодитой байгааг үүнээс бид бүхэн харж болно. Дээрх судалгааны дата нь өнөөдөр Монголбанк зэрэг санхүү, эдийн засгийн бодлогын институт байгууллагаас гадна, бидэнд ч бас шийдвэр гаргахад хэрэгтэй маш чухал мэдээллийн сан болж байдаг.
Мөн олон улсын сайн туршлагатай танилцах, түүнээс суралцах зорилгоор Азийн бүс нутагтаа өргөжин хөгжиж байгаа Олон улсын актив удирдлагын компаниудын форум (IPAF)-д 2022 онд үндсэн гишүүнээр элсэж, тус байгууллагын гишүүн улс орнуудаас харилцан суралцах боломж нээгдсэн.
Тухайлбал, Монголбанкаас 2022 оны 8 дугаар сард БНСУ-ын актив удирдлагын компани болох КАМСО байгууллагатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, тус байгууллагаас МАУК ХХК-ийг хөгжүүлэхэд шаардлагатай техник туслалцааг авахаар тохиролцсон. Үүний дагуу тус байгууллагаас мэргэжилтэн ноён Лим Тэй Хүүн (Mr. Tae Hoon Lim) гуайг урьж, түүнтэй бид 2024 оны 2 дугаар сараас хойш, хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байна. Энэ ташрамд МАУК ХХК-ийн хамт олны өмнөөс, бидэнтэй хамтран ажиллаж буй ноён Лим Тэй Хүүн (Mr. Tae Hoon Lim) болон КАМСО байгууллагын удирдлага, түүний хамт олонд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Харин анхны ажлаа, тодруулбал анхны гэрээ хэлцлээ 2024 оны 9 дүгээр сард Монголбанк, Зоос банк ХК дахь БЭХА болон Хадгаламж банк ХХК дахь БЭХА нарын хооронд байгуулж, түүгээр Олон овоот гоулд ХХК-д холбогдох ЧЗ-ийг энэ гурван төлбөр авагч нарт цуглуулах ажлыг эхлүүлсэн.
Үүний дагуу 2025 оны эхнээс эхлэн 5.3 тэрбум төгрөгийн авлагыг цуглуулан түүнээс 4 тэрбум төгрөгийг Улсын төсөвт шилжүүлээд байна.
Мөн өөр бусад банк, санхүүгийн байгууллагаас бидэнтэй хамтран ажиллах, ЧЗ худалдах санал ирүүлснийг талархан хүлээн авч, заримыг нь судалж эхлээд байна. Тун удахгүй гэрээ хэлцэл байгуулах байх гэсэн хүлээлттэй байна. Энэ ажил нь цаашид бусад банк, санхүүгийн байгууллагаас ЧЗ худалдан авах жишиг, туршлага болох учраас чухал ач холбогдолтой юм. Гэрээ хэлцлээ эцэслэн байгуулсны дараа энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгьe.
- Төрөөс санхүүжилт авалгүйгээр МАУК ХХК-ийг үүсгэн байгуулж, чанаргүй зээлийг үр ашигтай шийдвэрлэхээр ажлаа эхлүүлсэн гэлээ. Энэ нь цаашид төрөөс татаас авахгүй гэсэн үг үү?
- Тиймээ. Бид ЧЗ-ийг шийдвэрлэх үйл ажиллагааг төрөөс санхүүжилт авалгүйгээр эрхэлдэг, зах зээлийн журмаар бие даан өөрийн үйл ажиллагааг явуулах чадвартай тийм актив удирдлагын компани бий болгохыг зорьж байгаа юм. Тиймээс бид МАУК ХХК-ийг үүсгэн байгуулахад ч, банк санхүүгийн байгууллагаас ЧЗ худалдан авахад ч төрөөс аливаа шууд санхүүжилт авахгүй байхаар төлөвлөж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Гэхдээ, ирээдүйд дэлхийн хэмжээний, бүс нутгийн, эсхүл үндэсний хэмжээнд банк санхүүгийн системийн гүн хямрал тохиолоо гэсэн үед, өөрөөр хэлбэл улс орны хэмжээнд банк санхүүгийн тогтвортой байдлаа хамгаалах нэн шаардлагатай онцгой үед бол төрөөс санхүүжилт авахыг үгүйсгэхгүй, гэхдээ энэ бол тусдаа асуудал.
- Манай улсад актив удирдлагын компанийн оролцоог чанаргүй зээлийн эдийн засагт хэрхэн харж байна вэ?
- ЧЗ-ийн асуудлыг банкны уламжлалт зээлийн эдийн засгийн хүрээнд авч үзэж ирсэн. Тэгвэл сүүлийн үед үүнийг ЧЗ-ийн эдийн засаг гэх илүү тодорхой байдлаар авч үзэх болжээ. Ингэж авч үзэх болсон шалтгаан нь ЧЗ-ийг үндэсний хэмжээнд арилжих зах зээлээс гадна, олон улсын хэмжээнд арилжих зах зээл бий болж эхэлсэнтэй холбоотой. Энэ нь улс орнуудын бизнес эрхлэгчдээс ЧЗ-ийн зах зээлд харилцан хөрөнгө оруулах боломж нэмэгдэж байна гэсэн санаа юм.
Манай улсын хувьд ч бас үндэсний хэмжээнд ЧЗ-ийн арилжааг зах зээлд хөгжүүлэхээс гадна, нэг талаас гадаад улс орны хөрөнгө оруулагч нарт энэ зах зээлээ нээж хөрөнгө оруулалт татах, нөгөө талаас манай үндэсний хөрөнгө оруулагч нарыг гадаад улсын ийм зах зээлтэй танилцуулах хэрэгцээ шаардлага тулгарч байна.
Яг энэ хэрэгцээ шаардлагыг хангахад манай МАУК ХХК-ийн үйл ажиллагаа чиглэж, энэ нь бидний зүгээс ЧЗ-ийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр, оролцоо байх юм.
- Үндэсний хөрөнгө оруулагч нарыг гадаад улсын чанаргүй зээлийн зах зээлд хөрөнгө оруулахтай танилцуулах хэрэгцээ шаардлага бий гэлээ. Үүнийгээ тодруулж өгнө үү? Жишээлбэл, хөрөнгө оруулагчаас яг юу худалдаж авна гэх вэ? Үүнд төрийн оролцоо, хамтын ажиллагаа байх шаардлагатай юу?
- Юуны өмнө ЧЗ-ийн зах зээлээс юм худалдаж авна гэдэг нь илүү хямд үнээр худалдан авах боломж гэсэн үг болохыг ойлгож байгаа байх. Яг юуг худалдаж авч болох тухайд, хоёр жишээг хэлж болохоор байна. Нэгдүгээрт, манай үндэсний хөрөнгө оруулагч нараас тухайн гадаад улсын актив удирдлагын компанийн эзэмшил, удирдлагад байгаа ЧЗ-ийг нэгээр нь эсхүл багцаар нь худалдан авч, тэнд нь авлагаа цуглуулж хэлбэрээр өгөөж авч болно. Үүнээс гадна, хураагдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөс хувийн хэрэгцээндээ, эсхүл дараа өндөр үнээр зарах зорилгоор шууд худалдан авч болно. Жишээлбэл, байр орон сууц, авто машин гэх зэрэг.
Хоёрдугаарт, манай үндэсний үйлдвэрлэл эрхлэгч нараас мөн хураагдсан үйлдвэрлэл, үйлчилгээний, мөн ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, техник, машин механизм зэргийг худалдан авч болно. Энэ бол манай улсын ЖДҮ-ийн зах зээлийг хөгжүүлэх нэг сайн зүйл юм.
Хоёр дахь жишээтэй холбоотой төрийн нэг оролцоо хэрэгтэй байх шалтгааныг дараах байдлаар харж болохоор байна. Жишээлбэл, манай улсын иргэдээс БНСУ, Япон зэрэг улс уруу хөдөлмөр эрхлэхээр явдгийг бид бүгдээрээ мэднэ.
Тэгвэл манай улсын холбогдох яам, төрийн байгууллагаас манай иргэдээс хэчнээн тооны иргэд эдгээр улсад ямар чиглэлээр, ямар хугацаанд хөдөлмөр эрхэлж байсан тухай мэдээллийг (аль эрт цуглуулдаг байхаа) цуглуулах, ийм ЖДҮ-ийн тусгай ур чадвар эзэмшигч эзэмшигчдийн мэдээллийг үндэслэн ямар чиглэлийн ЖДҮ-ийн тоног төхөөрөмж хэрэгцээтэй байж болохыг урьдчилан тооцоолох, тэдгээр иргэдтэй холбогдож ярилцлага хийх, эх орондоо тэр үйлдвэрлэлийг эрхлэх сонирхолтой байгаа эсэхийг нь тодруулах, ЖДҮ-ийн тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай санхүүжилтийн хэмжээг олон нийтэд зарлах зэргийг дурдаж болно.
Энэ тохиолдолд МАУК ХХК-аас ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг худалдаж буй бусад улсын актив удирдлагын компаниудтай холбогдож, худалдан авалтыг зуучилж өгөхөөс гадна, түүний санхүүжүүлэх боломжтой үндэсний болон олон улсын санхүүгийн байгууллагын мэдээллийг тухайн ЖДҮ эрхлэхийг сонирхогч нарт өгөх, энэ тухай олон нийтэд мэдээлэх гэх зэргээр бид үйлчилгээ үзүүлэх боломжтой. Энэ жишээнээс нь төр ба хувийн хэвшлийн идэвхтэй хамтын ажиллагааг шаардахаар байгааг бас харж болно.
- Чанаргүй зээлийн авлага барагдуулж дууссан дундаж хугацаа нь 4.2 жил гэж судалгаагаар гарсан гэлээ. Ийм урт хугацаа шаарддаг болохоор манайд зээлийн хүү буурахгүй байна гэж эдийн засагчид шүүмжилдэг шүү дээ. Үүнийг буулгах ямар боломж байна вэ? Ямар тодорхой санал байна вэ?
Европын холбооны улсын туршлагаас дуурайн “хуулж” болох нэг санааг өмнө нь бид хэвлэлд өгч байсан. Манай улстай нэгэн адил, ЕХ-ны улс орнууд мөн л хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтыг хамгаалах, бизнесийн таатай орчноо бүрдүүлэх зорилгоор гишүүн улсуудаас гэрээний үүргийг шүүхийн журмаар албадан хэрэгжүүлсэнтэй холбоотой асуудлыг жил бүр нийтэлдэг.
Европын холбоо нь гишүүн орнуудынхаа шүүх, шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх үйл ажиллагааны хурд, чанар, бие даасан байдлаар бүлэглэн нийт 20 гаран хэмжүүрээр хэмжиж, энэ тухай нийтэд хүргэж байна. Үүнийг EU Justice Scoreboard (Justice Score Report) гэдэг, энэ нэрээр нь интернетээс хайхад олж болно. Жишээлбэл, энэ тайлангаас тухайн гишүүн улс бүрийн шүүх ажиллагааны дундаж хугацааг, мөн өмнөх жилүүдээс хэрхэн хугацаа нь богиносож байгааг, түүнчлэн тэргүүлэх эдийн засагтай улс орныхтой жишин харьцуулж болно.
Ингэж харьцуулан харах хуваарь, хэмжүүртэй болсон тохиолдолд, аливаа асуудлын бодит шалтгаан, залруулах боломжийг бодитой хэлэлцэх, оносон шийдвэр гаргах боломж нэмэгдэнэ. Үүнийг жил болгон хийж чадах чадамж бидэнд бий. Жишээлбэл, МУИС-ийн болон бусад Эдийн засгийн сургуулиас гадна, Монголбанк болон Монголын банкны холбоо зэрэг байгууллагад эдийн засгийн судалгаа хийдэг мэргэжлийн баг хамт олон байдаг. Эхний ээлжид бид зөвхөн зээлийн гэрээний хэрэгжилтийн тухай судалгаа хийж үүнийг эхлүүлж болно, нэгэнт эхэлсний дараа аяндаа бусад салбар, жишээлбэл, худалдах ба худалдан авах гэрээний хэрэгжилтийг нэмэх зэргээр үүнийг өргөтгөөд цааш авч явах бүрэн боломжтой.
- Одоо Улаанбаатар хотод болох IPAF хурлын тухай танилцуулбал?
- Тус форумын анхны санаачилга нь 2012 онд БНВУ-ын Сангийн яам, БНСУ-ын КАМСО байгууллага, Азийн хөгжлийн банкнаас Вьетнам улсын Ханой хотноо хамтран зохион байгуулсан дэлхийн санхүүгийн салбарын хөгжлийн Олон улсын бага хурлаас үүдэлтэй. Уг санаачилга нь цаашид хөгжсөөр одоогийн байдлаар Азийн найман улсын 19 гишүүн байгууллагыг нэгтгэсэн олон улсын сүлжээ болон өргөжөөд байна. IPAF-ийн хурал, форумуудад гишүүн байгууллагуудаас гадна олон улсын төрөл бүрийн байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцдог бөгөөд энэ удаагийн Улаанбаатар хотноо болох хуралд 20 гаруй улсын 70 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна.
IPAF байгууллагын Гишүүн орнууд IPAF-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан туршлага солилцох замаар санхүүгийн эмзэг байдлаа бууруулах, системийн эрсдэлээс сэргийлэх, мөн эдийн засгийн хямралын үед авах бодлогын хариу арга хэмжээг боловсронгуй болгох, улмаар бүс нутгийн эдийн засгийн тэсвэрлэл, тогтвортой байдлыг бэхжүүлэхийг зорьж байна.
Манай улсаас тус форумд зохицуулагч байгууллагууд болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, мөн банк, санхүүгийн салбарын төлөөлөл болох хэд хэдэн байгууллагууд оролцохоор байна.
- Манай улсад МАУК ХХК-ийн хөгжил нь эдийн засагт үзүүлэх нөлөөг хэрхэн харж байна вэ?
- Эдийн засагт ЧЗ-ийн зээл гэсэн хөрөнгө оруулалтын шинэ зах зээл бий болох, үүнтэй холбоотой шинэ мэргэшсэн ажлын байр бий болох нь ойлгомжтой. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нараас энэ зах зээлд хөрөнгө оруулах, харилцан хөрөнгө оруулах боломж бий болно.
ЧЗ барагдуулахтай холбоотой нийтлэг тулгамдсан асуудлаа үндэсний хэмжээнд болон олон улсын хэмжээнд хэлэлцэж, шийдвэрлэх боломж бүрдэх, улмаар хууль тогтоогч болон бодлого боловсруулагч нарт хандсан банк санхүүгийн байгууллагуудын дуу хоолой болж чадах болов уу.
Хамгийн гол нь улс орны хэмжээнд чанаргүй зээлийн тоо, хэмжээг бууруулахад ашигт тустай байхаас гадна, олон улсын сайн туршлагад үндэслэсэн шинэ арга, туршлага, мэдлэгийг бодитой олж авах, ингэснээр нийт эдийн засгийн оролцогч нар бүгдээрээ хамтдаа хожих таатай боломж гэж үзэж байна.
Эцэст нь IPAF зэрэг гишүүн улс орнуудаас хоорондоо чанаргүй зээлийг худалдах, арилжих тогтолцоог хөгжүүлж байна. Энэ нь чанаргүй зээлийн зах зээлд гишүүн орнуудаас харилцан хөрөнгө оруулах үйл явцыг хурдасгах, тийм хөрөнгө оруулалт татахад өрсөлдөх шинэ талбар болж байна. Мэдээж хиймэл оюуны хэрэглээг нэвтрүүлж байна. Ийм эдийн засгийн шинэ салбар хөгжих, эдийн засгийн тэлэлтийг дэмжсэн шинэлэг үйл явцад гишүүн орны хувиар манай улсын холбогдох байгууллагаас нээлттэй оролцох, гишүүн орнуудаас харилцан суралцах таатай боломж бий. Үүнээс гадна, банк санхүүгийн хямрал тохиолдоход, түүнийг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай банк санхүүгийн дэд бүтэц бэлэн байх нь манай улсад бас чухал хэрэгтэй юм.
- Ярилцлага өгсөнд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!