Украины дайныг санхүүжүүлэх зардал өсөж, экспортын орлого нь буурсны улмаас Оросын засгийн газрын төсвийн алдагдал эхний долоон сарын хугацаанд бүтэн жилийн төлөвлөсөн хэмжээндээ хүрсэн байна.
Тус улсын сангийн яамнаас өчигдөр буюу Баасан гарагт гаргасан тайланд дурдсанаар энэ оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд төсвийн алдагдал 4.88 их наяд рубльд ($61.1 тэрбум) хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 2.2 хувь болжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ зуны эхээр төсвөө тодотгохдоо бүтэн жилийн алдагдал 3.8 их наяд рубль байхаар баталсан юм.
Зөвхөн долдугаар сард төсвийн алдагдал 1.19 их наяд рублиэр нэмэгджээ.
Газрын тос, байгалийн хийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар буурсан, оны эхэнд төслүүдийн “урьдчилгаа санхүүжилт” хийгдсэн нь төсвийн алдагдал ийм хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн гэж ОХУ-ын сангийн яам тайлбарласан байна.
Гэхдээ шинжээчид үүнд зардлын өсөлт голлон нөлөөлсөн гэж үзэж байна.
Зөвхөн долдугаар сарын зардал өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар өссөн бол оны эхний долоон сарын зардал 20 хувиар өсөж, 25.2 их наяд рубльд хүрчээ.
Эсрэгээрээ ижил хугацаанд орлого бараг өсөөгүй байна.
Оросын MMI (Metals and Mining Intelligence) эдийн засгийн судалгааны байгууллага “Бодит байдал бидний хамгийн муу таамгаас ч дор байна” гэж Телеграм хуудсандаа мэдээлээд жилийн үлдсэн хугацаанд төлөвлөгөөндөө хүрэхийн тулд зардлаа 20 орчим хувиар бууруулах шаардлагатай байгааг анхааруулжээ.
Гэхдээ энэ зорилтыг биелүүлэх ямар ч боломж “байхгүй” бөгөөд оны эцэст төсвийн алдагдлын хэмжээ хамгийн багадаа 8 их наяд рубль хүрэх төлөвтэй байгааг тус байгууллагын шинжээчид мэдээлсэн байна.
ОХУ-ын сангийн яамны нэрээ нууцалсан албан тушаалтан ирэх намар дахин төсвийн тодотгол хийхээр бэлдэж байгааг ярьсныг “Ведомости” сонин энэ долоо хоногийн эхээр уламжилсан юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!