Энэ жил нийслэлийн ЕБС-ийн сурагчид зургаан хичээлээр олон улсын олимпиадад оролцож, амжилт гаргасан.
Тодруулбал математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн олимпиадад Монгол Улсыг төлөөлөн 20 сурагч оролцож, бүгд амжилт гаргаж, тусгай байраас алтан медаль хүртэл амжилт үзүүлээд буй. Тэднийг хотын дарга шагнажээ.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр олон улсын олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулж, алтан медальд хүргэсэн 11 дүгээр сургуулийн багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламж өгсөн бол олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчид 3 сая, мөнгөн медаль хүртсэн сурагчдад 2 сая, хүрэл медаль хүртсэн сурагчдад 1 сая төгрөг, тусгай байр эзэлсэн сурагчийг 500 мянган төгрөгийн батламжийг гардуулж өгчээ.
2026 оноос эхлэн олон улсын олимпиадад оролцохоор шалгарсан сурагчдын тухайн улс руу нисэх хоёр талын онгоцны тасалбарыг нийслэлээс шийдвэрлэхээр болсон байна.
Түүнчлэн нийслэлийн ЕБС-ууд олон улсын олимпиадад сурагчдаа тогтмол амжилттай бэлтгэдэг байхад дэмжлэг болох зорилгоор “Ирээдүй” цогцолбор сургуулийг хоёр тусдаа болгон өргөжүүлж байгаа бөгөөд нэг сургуулийг нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож шинэчлэхээр болжээ.
Олон улсын олимпиад нь дэлхийн улс орнуудын шилдэг суралцагчдыг тодорхой шинжлэх ухаан, математик, технологи, хэл шинжлэл зэрэг чиглэлээр оюуны өрсөлдөөн явуулдаг тэмцээнүүд юм. Эдгээр олимпиад нь ихэвчлэн жил бүр зохион байгуулагддаг бөгөөд тухайн чиглэлээр хамгийн чадварлаг суралцагчдыг шалгаруулах зорилготой. Жишээ нь олон улсын математикийн олимпиад анх 1959 оноос Румын улсад эхэлж байсан бөгөөд Монгол Улс 1967 оноос хойш оролцож эхэлсэн байна.
Монгол хүүхдүүд олон улсын зургаан хичээлийн олимпиадаас дараах амжилтуудыг гаргажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!