Олон улсын хиймэл оюуны олимпиадаас Монгол Улсын сурагчид хос хүрэл медаль хүртсэн талаар Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.
Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад Монгол Улсаас эх орноо төлөөлөн хоёр багийн 8 сурагч оролцсон байна. Нийт 61 улсын 284 сурагч хоёр өдрийн туршид машин сургалт, хиймэл оюуны 6 бодлогыг бодож оюун ухаанаа уралдуулан өрсөлджээ.
Тэмцээний хоёр өдрийн нийлбэр оноогоор сурагч Ү.Эрхэс тусгай байрт шалгарсан бол сурагч Ч.Ирмүүн, С.Хангэрэл нар хүрэл медалийн болзол хангасан байна.
Энэ удаагийн олимпиадын оролцогчид хоёр дахин нэмэгдэж мэдээлэл зүй зэрэг олон жил зохиогдож буй олимпиадын хэмжээнд хоёр жилийн хугацаанд хүрсэн байна. Түүнчлэн тооцооллын дэд бүтэц буюу GPU-г хэрхэн үр бүтээлтэй ашиглах нь оролцогчдын ур чадварыг ихээхэн сорьжээ.
Түүнчлэн олимпиадын хүрээнд БНХАУ-ын технологи, шинжлэх ухааны паркуудаар зочилж, Цинхуа, Бээжингийн их сургуулийн эрдэмтдийн илтгэлийг сонирхсон байна.
Олимпиадын сүүлийн өдөр олон улсын 40 орчим их сургууль, технологийн компани өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалтын онцлогийг харуулсан үзэсгэлэнг зохион байгуулсан байна. Олимпиадад оролцогчид дан ганц бодлого бодохоос гадна олон улсын байгууллагуудтай холбоо тогтоож хэрхэн амьдралд тулгардаг асуудлуудыг шийддэг талаар мэдлэгтэй болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!