Химийн олон улсын 57 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлж оролцсон сурагчид багаараа мөнгөн медаль хүртжээ. Мөн олон улсын математикийн 66 дугаар олимпиадаас Монгол Улсын баг 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна.
Олон улсын химийн олимпиад нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгуулагдсан ба Монгол Улсын багийн сурагчид багаараа мөнгөн медаль авсан байна.
Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотод зохион байгуулагдсан олон улсын математикийн 66 дугаар Олимпиадаас Монгол Улсын баг амжилттай оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн нийт 174 оноогоор бүх цаг үеийн Монголын оролцогчдын багийн онооны хамгийн дээд оноог авч түүх бүтээсэн байна.
Ийнхүү сүүлийн жилүүдэд Монгол Улсын багийн бүх сурагчид бүгд медалийн болзол хангаж буй амжилтын буухиа энэ жил ч үргэлжиллээ гэдгийг Боловсролын ерөнхий газраас онцлов.
Түүнчлэн яг одоо олон улсын биологийн 36 дугаар олимпиад Филиппин Улсын нийслэл Манилла хотод болж байгаа аж. Мөн олон улсын физикийн 55 дугаар олимпиад Франц Улсын нийслэл Парис хотноо болж байгаа юм. Уг олимпиадуудад Монгол Улсын сурагчид оролцож байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!