Өчигдөр буюу Ням гарагийн орой Хонконгийн зугаа цэнгээний төвүүдийн нэг “Ocean Park” хүрээлэнгийн нэг тоглоом эвдэрсний улмаас 17 хүн удаан хугацаагаар агаарт дүүжлэгджээ.
“Wild Twister” нэртэй уг тоглоомоос аврагчид эхний хүнийг 19:38 цагт буулгасан бол сүүлчийн хүнийг 20:07 цагт буулгасан байна.
14-өөс 28 насны аврагдсан хүмүүсийн ес нь эрэгтэй, найм нь эмэгтэй байсан бөгөөд бүгд эрүүл саруул, ямар нэг бэртэл гэмтэлгүй тоглоомоос буужээ.
Техникийн доголдол илэрсний дараа аюулгүй байдлын систем тоглоомыг 18:20 цагт автоматаар зогсоосон байна. Эндээс харвал тоглогчид дунджаар нэг цаг, 30 минут орчим хугацааг агаарт дүүжлэгдэн өнгөрүүлжээ.
“Wild Twister” бол чөлөөт уналтын хурднаас дөрөв дахин өндөр хурдаар хүмүүсийг агаарт эргэлдүүлэн савлуулж зугаацуулдаг тоглоом юм.
Үүнээс өмнө энэ оны тавдугаар сарын сүүлээр тус төвийн “Ocean Park Tower” нэртэй тоглоомд техникийн саатал гарахад 17 үйлчлүүлэгч агаарт хоёр цаг орчим хугацаанд саатаж байв.
Гуравдугаар сард тус төвийн дээд болон доод хэсгүүдийг холбодог уулын дүүжин тээврийн хэрэгсэл бас техникийн доголдлын улмаас зургаан цаг саатаж байжээ.
Инженер мэргэжилтэй Хонконгийн хууль тогтоогч Чан Сю Хун дараалсан гэмтэл саатал “Ocean Park” төвийн тоглоомуудад нарийвчилсан үзлэг шалгалт явуулж, аюулгүй байдлыг сайжруулж, үйлчлүүлэгчдийн итгэлийг сэргээх шаардлагатай болсныг харуулж буйг өчигдөр мэдэгдсэн байна.
Хятад улсын засаг захиргааны тусгай бүс Хонконг хот нь Ази тивийн аялал жуулчлалын томоохон төв юм. Зөвхөн “Ocean Park” төвд 2023-2024 оны санхүүгийн жилд 3.14 сая хүн зочилсон нь өмнөх жилээсээ 33 хувиар өссөн үзүүлэлт байжээ.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!