Өнгөрсөн долоо хоногт Токио хотын Коракуэн спортын ордонд зохион байгуулагдсан тэмцээний үеэр Японы хоёр боксчин дараалан тархины гэмтлийн улмаас амиа алджээ.
Наймдугаар сарын 2-ны өдөр 28 настай Шигетоши Котари “Oriental and Pacific Boxing Federation” холбооны өсвөрийн хөнгөн жингийн аварга Ямато Хататай 12 үе тулалдсаны дараа ухаан алдаж унасан юм.
Тархи ба гавлын ясны хооронд цус хуримтлагдсан оношоор яаралтай хагалгаанд орсон Котари өнгөрсөн Баасан гарагт нас баржээ.
“Наймдугаар сарын 2-ны аваргын төлөө тулааны үеэр бэртэл авсан Японы боксчин Шигетоши Котари эмгэнэлтэйгээр нас барсанд боксын ертөнц гашуудаж байна. Дэвжээний дайчин маань хэтэрхий эрт явлаа. Түүний гэр бүл, багийнхан болон Японы бүх боксын төрлийнхөнд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэж Дэлхийн Боксын Холбоо мэдэгдсэн юм.
Тэгвэл өнгөрсөн Бямба гарагт Йожи Сайтод хүнд цохилтоор ялагдсан 28 настай Хиромаса Уракава ижил бэртлийн улмаас нас баржээ.
Дараалсан эмгэнэлт явдлуудын дараа Японы Боксын Холбоо тэмцээний бүх тулааны үргэлжлэх үеийг 12-оос 10 болгон бууруулах арга хэмжээ авч байгааг зарласан байна.
Энэ оны эхээр Белфаст хотод болсон Селтикийн супер жингийн аваргын цомын төлөө тулаанд Натан Хоуэлст ялагдсан Ирландын боксчин Жон Куни бэртэж, эрчимт эмчилгээний тасагт долоо хоног хэвтсэний дараа нас барж байв.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!