Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн шилдэг клубүүдийн нэг болох “Эрдэнэт Майнерс” баг, санхүүгийн зах зээлд шинийг түүчээлэгч “Омни Капитал” компанитай урт хугацааны стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь спорт, санхүүгийн салбарын уялдаа холбоог шинэ түвшинд гаргах чухал алхам болж байна.
Стратегийн түншлэлийн гол зорилго нь “Эрдэнэт Майнерс” сагсан бөмбөгийн багийн хөгжил, тоглогчдын бэлтгэл сургуулилалтын орчин, дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ Монголын сагсан бөмбөгийн соёлыг олон нийтэд өргөн хүрээнд түгээхэд оршино.
Мөн энэ хамтын ажиллагааны хүрээнд тус баг нэрээ “Омни Эрдэнэт Майнерс” болгон өөрчилж байгаа юм.
Тодруулбал, “Омни Капитал” компани багийн албан ёсны санхүүгийн түншээр ажиллаж бүх түвшний санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, хөрөнгө оруулалт, зардлын оновчтой байдлыг удирдан зохион байгуулах талбарт илүү анхаарах юм.
Мөн талууд цаашид брэндийн хамтарсан маркетинг, олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, багт сонирхолтой шинэчлэлүүдийг хийх аж.
“Эрдэнэт Майнерс” багийн ерөнхий менежер:
“Спорт бол зөвхөн өрсөлдөөн биш, хөгжлийн томоохон талбар. Бид “Омни Капитал”-тай хамтран ажилласнаар багийн дотоод орчин, бэлтгэлийн чанарыг шинэ шатанд гаргах боломж бүрдлээ.
“Эрдэнэт майнерс” багийн ололт амжилттай үргэлж хамт байдаг тамирчдын гэр бүл болон Эрдэнэт хотын нийт уурхайчид, тэдний гэр бүлд үргэлж дэмждэгт талархал илэрхийлэн хамтран ажиллахыг уриалж байна.”
“Омни Капитал” компанийн гүйцэтгэх захирал:
“Омни Капитал” нь санхүүгийн салбарт технологиор дамжуулан шинэчлэлийг хийж буйтай адил Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжлийг ахисан шатанд гаргахыг эрмэлзэж байна. “Эрдэнэт Майнерс” багтай хийж буй стратегийн түншлэлийн хүрээнд бид тус багийн санхүүгийн удирдлагын үйлчилгээнд илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна.”
“Эрдэнэт Майнерс”, “Омни Капитал” хамтын ажиллагаагаа зөвхөн лигийн тоглолт, богино хугацааны дэмжлэгээр хязгаарлахгүй бөгөөд Монголын спортын экосистемд урт хугацааны эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!