Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Путин нар ирэх долоо хоногт Аляскад уулзахаар болж, Украин газар нутгаа алдах ёсгүйг Зеленский анхааруулав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногийн Баасан гарагт Аляска мужийн нутаг дэвсгэрт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болсноо өчигдөр зарлалаа.

“Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч миний бие болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёрын удаан яригдаж буй уулзалт ирэх Баасан гарагт буюу наймдугаар сарын 15-ны өдөр Аляскын Их мужид болно” гэж тэр сошиал хуудсаараа мэдээлсэн юм.

Үүнээс хэдхэн цагийн өмнө Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп “хоёр талын аль алиных нь тусын тулд газар нутаг солилцох асуудал яригдана” гэж хэлсэн ч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр АНУ-ын тусгай элч Стив Виткоффыг хүлээн авч уулзахдаа Путин хэрвээ Украин улс Донецкийн бүс нутгаас цэргээ бүрэн татвал дайны галыг зогсоох шаардлагыг зөвшөөрөхөө амласан гэнэ.

Энэ бол одоо ихэнх хэсэг нь Оросын цэргийн хяналтад байгаа Украины дорнод хязгаарын Донецк, Луганск мужууд юм.

Трампын дайны галыг зогсоохыг Оросын талд тулган шаардсан хугацаа Баасан гарагт өндөрлөсөн. Хэрвээ энэ тулгалтыг хүлээж авахгүй бол АНУ-ын засаг захиргаа Оросын газрын тосны эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаар сүрдүүлж байсан юм.

Трампын амласан хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэх эсэх нь тодорхойгүй байна.

Сенатын гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Нью Хэмпшир мужийг Ардчилсан Намаас төлөөлж буй Жанне Шахин “Путинд ямар ч үр дагаваргүйгээр улаан шугам давах боломжийг ерөнхийлөгч Трамп зөвшөөрлөө. Тулгасан хугацаагаа мөрдөхгүй байгаа нь Америкт итгэх итгэл, эзлэн түрэмгийлэгчдийг зогсоох чадвар, Оросыг яриа хэлэлцээний ширээнд суулгах чадварыг алдагдуулж байна” гэж шүүмжилжээ.

Аляска мужийг Конгресст төлөөлдөг гурван гишүүн энэ уулзалтын товын талаар ямар ч мэдээлэл урьдчилж аваагүйгээ мэдэгдсэн байна.

Өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “ямар ч шийдвэрийг Украины оролцоогүйгээр гаргах нь энх тайванд хүргэж чадахгүй” хэмээн анхааруулаад газар нутгаа Орост өгөхийг хэрхэвч зөвшөөрөхгүйг мэдэгджээ.

“Бидний эсрэг гаргасан аливаа шийдвэр, Украины оролцоогүйгээр гаргасан ямар ч шийдвэр энх тайвны эсрэг байх болно. Бидэнгүйгээр, Украингүйгээр дайныг дуусгах боломжгүй” гэж тэр хэлсэн байна.

Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украины газар нутагт халдан довтолж, одоогоор газар нутгийнх нь 20 орчим хувийг хянаж байгаа.

Өнгөрсөн гурван жил, зургаан сар орчим хугацаанд олон арван мянган хүн амиа алдаж, олон сая хүн орон гэрээсээ дүрвэсэн юм.

Украин, Оросын хооронд энэ онд гурван удаагийн яриа хэлэлцээ зохион байгуулагдсан ч дайныг зогсоох шийдэлд хүрч чадаагүй.

Ирэх долоо хоногт болох АНУ-ОХУ-ын уулзалт ч үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй байна.

2021 оны зургаадугаар сард  Жо Байден, Путин нар Женевт уулзсанаас хойш АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар ганц ч удаа уулзаагүй байгаа.

Трамп, Путин нар хамгийн сүүлд 2019 онд Японд болсон Их 20-ын бүлгийн чуулганы үеэр нүүр тулан уулзаж байв. Тэд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш хэд хэдэн удаа утсаар яриад байгаа юм.

 

Эх сурвалж: AFP