Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өмч хөрөнгө нь Оросын агаарын цохилтод өртсөний дараа Азербайжан улс Украинд зэвсэг нийлүүлж магадгүй болов

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Одесса муж дахь Азербайжаны төрийн өмчит газрын тосны SOCAR компанийн өмч хөрөнгө саяхан Оросын агаарын цохилтод өртсөн юм.

Тэгвэл үүний хариуд Бакугийн эрх баригчид Украинд тавьсан зэр зэвсгийн хоригоо цуцалж магадгүй байгаа талаар Азербайжаны caliber.az сайт албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Өчигдөр буюу Ням гарагт Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар утсаар ярьсан байна.

Энэ үеэр тэд Азербайжаны өмч хөрөнгө болон тус улсаас Украинд байгалийн хий нийлүүлдэг компрессорын станц зэрэг байгууламжуудад Оросын тал “агаараас довтолж буйг буруушаасан” тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Мөн хоёр ерөнхийлөгч “ямар ч нөхцөл байдалд” эрчим хүчний хамтын ажиллагаагаа зогсоохгүй гэсэн байр суурь харилцан илэрхийлцгээсэн байна.

Наймдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Оросын талаас нисгэсэн таван ширхэг “Шахед” дрон Одесса муж дахь SOCAR компанийн газрын тосны байгууламжид туссан юм.

Үүний улмаас гал түймэр гарч, дизель түлш дамжуулах хоолой гэмтэж, компанийн дөрвөн ажилчин хүнд шархадсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Азербайжан улстай холбоотой байгууламжууд Оросын агаарын цохилтод хоёр удаа өртсөн юм.

Наймдугаар сарын 6-ны шөнө Азербайжаны байгалийн хийг Украины зах зээлд нийлүүлдэг хоолойн Новосельское тосгоны ойролцоох Орловка компрессорын станц мөн агаарын цохилтод өртөж байв.

Азербайжан улс зургаадугаар сарын 28-наас Транс-Балканы хоолойгоор дамжуулан байгалийн хийгээ Украинд нийлүүлж эхэлжээ.

Тухайн үед Оросын тал тус улсын Азербайжан болон бусад улс орнуудтай үүсгэсэн худалдааны харилцааг санаатай хорлохын тулд нисгэгчгүй онгоцоор довтолсныг Украины эрчим хүчний яам буруушааж байв.

Хоёр улсын хооронд байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулагдахад ОХУ-ын Төрийн Думын тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын асуудал хариуцсан байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Константин Затулин үүнийг Бакугийн эрх баригчдын Оросын эсрэг явуулж буй дайсагнасан үйл ажиллагааны нэг хэсэг гэж үзэж байгаагаа анхааруулж байлаа.

Украинаас зэр зэвсэг нийлүүлэх хүсэлт ирдэг ч одоохондоо хүмүүнлэгийн тусламжаар хязгаарлагдаж байгааг ерөнхийлөгч Алиев өмнө нь ярьж байжээ.

Хамгийн сүүлд Азербайжан улс $40 саяын тусламжийн багцыг Украинд илгээсэн байна. Бас тус улс Азербайжаны иргэд олноор оршин суудаг Украины Ирпин хотын сэргээн босголтод идэвхтэй оролцож байгаа юм.

 

Эх сурвалж: The Moscow Times