Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Азербайжан, Арменийн хооронд байгуулагдах Трампын коридорыг Иран улс таслан хаахаар сүрдүүллээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон арван жилийн турш дайсагналцаж буй Өвөр Кавказын хоёр улс болох Азербайжан, Арменийн хооронд энхийн гэрээ байгуулахаар болсныг зарласан билээ.

Ингэхдээ тэр Армени, Турк улсуудын завсарт хавчуулагдан оршдог Нахичеваныг албан ёсны эзэмшигч нь болох Азербайжаны үндсэн газар нутагтай холбох хуурай замын коридорыг АНУ-ын засаг захиргаа хариуцан хөгжүүлэхээр болсныг зарласан.

Тэр ч байтугай Зангезурын коридор гэдэг хуучин нэрийг нь Олон Улсын Энх Тайван, Хөгжилд хүрэх Трампын Зам (TRIPP- Trump Route for International Peace and Prosperity) гэж өөрчлөн нэрлэхээр болсныг зарласан юм.

Тэгвэл Нахичеваны бүс нутагтай хил залгадаг Иран улсын эрх баригчид энэ үйл явцыг таслан хаахаар сүрдүүлсэн тухай Бямба гарагт Тегераны төв хэвлэл мэдээлжээ.

Ираны дээд удирдагчийн ахлах зөвлөх Акбар Велаяати уг коридорын аюулгүй байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм байна.

Тухайлбал Иран улсын баруун хойд бүс нутагтаа явуулсан цэргийн сургуулилалт нь тус улс өөрийн хил орчимд геополитикийн өөрчлөлт гарахаас сэргийлэхэд бэлэн байгаагийн илрэл болохыг тэр хэлжээ.

“Энэ коридор Трампын эзэмшлийн зам бус, харин Трампын хөлсний цэргүүдийн оршуулгын газар болж магадгүй” гэж тэр анхааруулсан байна.

Баасан гарагт Цагаан ордонд Азербайжан, Арменийн хооронд гэрээ байгуулах ёслолын арга хэмжээнд энэ хоёр улсын уламжлалт зуучлагч Орос улс оролцоогүй юм.

Одоо ч Оросын цэрэг Ирантай залгаа Арменийн хилийн хамгаалалтыг хариуцдаг.

Кремлийн хэвлэлийн алба Вашингтонд болсон уулзалтыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн ч Ойрх Дорнодын үйл хэрэгт Өрнөдийн орнууд оролцсон өмнөх гашуун туршлагуудыг дахин давтахгүйн тулд бүс нутгийн Орос, Иран, Турк улсуудтай хамтрахыг санал болгожээ.

Харин Азербайжаны ойрын холбоотон Турк улс энхийн гэрээг талархан хүлээж авч байгаагаа мэдэгдсэн юм.

зураг
 

Хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Азербайжан, Армени улсуудын хооронд Карабахын бүс нутагтай холбоотой маргаан гуч гаруй жил үргэлжилж, хоорондоо хоёр удаа дайтаж байсан.

Уулын Карабах нь Азербайжаны албан ёсны нутаг дэвсгэр боловч нутгийн иргэдийн олонх болдог армени үндэстний салан тусгаарлагчдын хяналтад олон жилийн турш байжээ. 2023 онд болсон сүүлийн дайнд Азербайжан улс ялж, Карабахт бүрэн хяналтаа тогтоосны дараа 100,000 орчим хүн энэ нутгаас Армени улс руу дүрвэж байв.

 

Эх сурвалж: Reuters