Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжаа хасуулахыг эсэргүүцэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон ХНХ-ын сайдад шаардлага хүргүүлэв 

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд ₮288,000 тэтгэмжийг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл олгосон. 
 
Гэрэл зургийг MPA.mn

"Халамжаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 188 мянган төгрөгийн дэмжлэг олгодог. Цар тахлын үед сая  100 мянган төгрөг нэмж олгосон буюу нийт  288 мянган төгрөгийн дэмжлэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд авсан. Гэвч 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэлт 100 мянган төгрөг нэмж олгохоо зогсоох шийдвэр гарсныг эсэргүүцэж байна.

188 мянга, 288 мянган төгрөг өнөөдөр амьжиргааны доод түвшинд хүрэхгүй хэмжээний мөнгө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байнгын хүнд нөхцөлд байнгын эм тариа хэрэглэдэг тул олгож буй тэтгэмжийн мөнгө нь хүрэлцдэггүй.

Хүүхдийн мөнгөний дэмжлэгийг долдугаар сар хүртэл үргэлжлүүлж байгаа хэрнээ төрөөс зайлшгүй дэмжлэг хэрэгтэй бүлэгт олгохоо зогсоож байгааг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад шаардлага хүргүүлж байна” хэмээн “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Туяажаргал мэдээллийн эхэнд хэллээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар "Халамжаас авдаг 288 мянган төгрөг бидний амьдралд хаанаа ч хүрдэггүй. Маш олон хүний бухимдал гомдол ирж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэн хэрэгтээ ажилд ороход маш хүнд байдаг. Зөв шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна" гэв.