Үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилттай яваа бизнесмэнүүдийн нэг энэ салбарын анхдагч брокер эзэмшигчдийн нэг А.Ганбатыг энэ удаагийн дугаараар онцолж байна. Тэрээр олон төрлийн буюу худалдаа, тээвэр зуучлал, логистикийн салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд Ремакс үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнесийн салбарыг сонгоод таван жил болж байна. Түүний амжилттай яваа бизнес, ирээдүйн зорилгын талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг уншигч танд хүргэж байна.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд та манай уншигчдад өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?
Сайн байцгаана уу. Намайг Адилбишийн Ганбат гэдэг. Би Ремаксийн анхны таван оффисын нэг Капитал оффисын франчайз эзэмшигч. Энэ бизнесийг 2016 оноос хийж эхэлсэн. Энэ жил манай оффисын таван жилийн ой тохиож байна.
- Та яагаад энэ бизнесийг сонгох болов?
Миний хувьд 2000 оноос эхлэн залуухан 23 настайгаасаа бие даасан бизнесийг хийж эхэлсэн. Ремаксаас өмнө тээвэр зуучлал, логистикийн салбарт 13 жил ажилласан. Бизнесийн хувьд үл хөдлөх хөрөнгө зуучлал, тээвэр зууч логистик, банк санхүү гэдэг бол аливаа бизнесийн тулгын гурван чулуу гэж боддог. Тэгэхээр үл хөдлөхийн салбарыг хийж үзэх юмсан гэсэн дотоод сонирхол байсан. Энэ бизнес рүү арай орж амжаагүй байхад Ремаксийн талаарх мэдээллийг найзаасаа авсан. Түүний дагуу очиж үзээд танилцаад маш их таалагдсан. Яагаад гэвэл ардчилсан, ажиллаж байгаа хүмүүстээ их үр өгөөжтэй, бас дээр нь ганцаараа биш багаараа байж байж салбараа хөгжүүлж явна гэдэг нь надад их үр өгөөжтэй санагдсан.
- Иргэд үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа юунд илүү анхаарлаа хандуулдаг болсон байна вэ?
2010 оноос хойш үл хөдлөхийн салбар эрчимтэй хөгжиж байна. Харин 2015 оноос хойш дэлхийн эдийн засгийн хямралын үед бага зэргийн уналтад орж байсан. Гэхдээ яг эрчимтэй хөгжиж байх үед маш олон иргэд орон байртай болох боломж бий болсон шүү дээ. Мөн одоо байгаа байр орон сууцаа сайжруулах, томруулах боломжууд, банкнуудаас олгож эхэлсэн төрөл бүрийн зээл, зах зээл дээрх олон төрлийн орон сууцны нийлүүлэлт бүгд нийлээд энэ боломжийг бий болгож байна. Энэ бодлого үргэлжлээд явах ёстой гэж би бодож байгаа. Яагаад гэхээр залуу гэр бүл болон амьдрал нь тогтсон гэр бүлүүд бүгд өөрсдийн гэсэн тав тухтай орчин, орон байранд амьдрах ёстой , эрхтэй гэж миний хувьд боддог. Хэрэглэгчдийн хувьд 2 төрөл байна. Шинээр гэр бүл болж байгаа залуу гэр бүлүүд болон одоо амьдарч байгаа орчин нөхцөлөө сайжруулж байгаа худалдан авагч нар. Сүүлийн үед худалдан авагч нарын боловсрол 5 жилийн өмнөх худалдан авагч нартай харьцуулахад их сайжирч байгаа нь анзаарагдаж байна.
Өмнө нь худалдан авагч нар тухайн орон сууцны үнийг нь л эхлээд асууж үнийн мэдээлэл дээрээс илүү сонголтуудаа хийх хандлагатай байсан бол одоо маш олон мэдээлэл, шаардлага, боломжууд дээр үндэслэн шийдвэрээ гаргадаг болжээ. Жишээ нь үл хөдлөх хөрөнгийн тухайн хотхоны консепт, тухайн барилгыг ямар барилгын компани гүйцэтгэсэн, төлбөрийн нөхцөл орчин, хүрээлэн буй орчин, дэд бүтцийг нь харж байна. Хамгийн гол нь хөршөө сонгодог болсон. Ямар хөрштэй амьдрах вэ гэдгийг сонгож эхэлж байна.
- Дэд бүтэц үл хөдлөх хөрөнгийн хөгжилтэй шууд холбоотой Улаанбаатар хотын дэд бүтэц хаашаа илүү хөгжиж байна вэ ?
Үл хөдлөхийн салбарын хөгжил 100 хувь дэд бүтцээсээ хамаардаг гэж хэлж болно. Дэд бүтцээ дагаж хөгжил гэдэг зүйл явагдаж байдаг. Үүнд ус дулаан, цахилгаан, зам гэх мэт. Улаанбаатар хотод зам хамгийн чухал. Замаа дагаж үл хөдлөхийн салбар хөгжиж байна. Замгүй юм уу замаасаа хол газар ямар ч барилгын компани барилга барьж хөрөнгө оруулахыг хүсдэггүй. Сүүлийн үеийн судалгааны дүнгээр хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хирээр сүүлийн үед ялангуяа аль болох түгжрэл багатай, хөдөлгөөн сийрэг тийм орчныг их сонирхож байна. Миний харж байгаа өнцөг бол Улаанбаатар хот баруунаасаа зүүн тийшээ тэлэх, хөгжих боломжтой гэж харж байна. Энэ дагуу ч Хотын захиргаанаас төлөвлөлтөө хийж эхэлж байна.
- Бизнесийн салбарт, түүн дундаа үл хөдлөх хөрөнгийн салбарт баг хамт олон маш чухал. Та багаа хэрхэн бүрдүүлэв?
Өмнө нь хийж байсан бизнесүүдээс ч тэр үл хөдлөхийн салбарт ажиллаж байгаагийн хувьд ч тэр баг гэдэг бол чухал. Энэ бизнесийг баггүйгээр төсөөлөх боломжгүй. Миний хувьд залуучуудтай хамтран нэг болж ажиллаж байгаадаа их баяртай байдаг. Залуу хүмүүсийн эрч хүч, тэдний үзэл бодол, өөр өөрийн гэсэн ертөнц, хандлага надад маш их сонирхолтой, хамтран ажиллахад таатай байдаг. Анх энэ бизнест ороход Н.Ганзориг гээд ах маань энэ бизнесийг надтай хамт эхлүүлж хамт удирддаг байсан. Бас Н.Цолмон гээд мундаг залуу мөн хамтарч баг болж ажиллан бизнесийн эхлэл хэсэгт хамгийн их дэм тусыг үзүүлсэн хүмүүсийн нэг. Энэ хүмүүсийн түшиг тулгуур миний бизнест маш их байсан гэдгийг цохож дурдахыг хүсэж байна. Ер нь чадвартай, чадалтай боловсролтой залуучуудтай ажиллана гэдэг миний хувьд маш том аз завшаан гэж боддог. Тийм учраас баг хамт олноо дэмжиж ажиллах нь миний үүрэг гэж бодож явдаг даа.
- Багтайгаа хамт удаан хугацаанд хамтран ажиллахын тулд таны баримталдаг зарчим юу вэ?
Энэ салбар өөрөө их онцлогтой. Агентууд маань өөрсдөө биеэ даасан бизнесээ хийж байгаа. RE/MAX гэдэг бол өөрөө энэ агентуудад боломжийг өгч байгаа. Үл хөдлөхийн салбарт маш бага эрсдэлтэйгээр, өндөр үр өгөөжтэйгөөр ажиллах боломжийг олгож байгаа брэнд. Агентууд маань өөрсдөө биеэ дааж бизнесээ төлөвлөдөг учраас бизнесмэн болгондоо тохирсон байдлаар дэмжиж ажиллахыг л хүсдэг. Миний хувьд хувь хүн бүрийн ялгаатай байдлыг ойлгож агентуудынхаа найдвартай ар тал нь байхын тулд хичээж ажилладаг даа.
Монгол Улс өөрөө дэлхийн зах зээлийн нэг хэсэг. Тийм учраас дэлхийн зах зээл дээр ямар хандлага байна яг тэр зарчмаар явна. Монголчууд гээд дэлхийгээс өөр хүмүүс биш шүү дээ. Монголын худалдан авагч нар дэлхийн худалдан авагч нартай яг адилхан. RE/MAX өөрөө Монголд орж ирэхээсээ өмнө 40 жилийн хугацаанд дэлхийн 100 гаруй улсад өөрийн Франчайс бизнесийг маш амжилттай хэрэгжүүлсэн. Яагаад ингэж хэрэгжих болсон бэ гэхээр мэдээж тухайн улс улсынхаа харилцагч худалдан авагч нарт үр өгөөжтэй, ашигтай байгаа учраас энэ бизнесийн модул амжилттай хэрэгжсэн гэж би харж байгаа. Яг түүнтэй адил энэ бизнес Монголд орж ирснээрээ харилцагч, худалдан авагч нарт хурдан шуурхай үйлчилгээ, найдвартай, олон улсын стандартын дагуу Монголд суурьшуулсан. Ингэж үр өгөөжөө өгсөн учраас Ремаксийн салбарууд маш амжилттайгаар өргөжин тэлээд явж байгаа гэж харж байна. Цаашдаа бид бизнесээ илүү их хөгжүүлж хэрэглэгчдэдээ хамгийн шилдэг үйлчилгээг хүргэхийн төлөө байнгын сайжруулалтыг хийсээр байх болно.
- Үл хөдлөхийн зуучлагч нарын талаар олон нийт мэдээлэл муутай байдаг. Зуучлагч нар хэрэгтэй юу ?
Аливаа ажлыг хийж байхад муу нэр байж л байдаг. Зуучлалын салбар хөгжөөд удаагүй. Ер нь Монгол улсад бизнес хөгжөөд 25 жил л болж байгаа. Хүмүүс энэ талаар дөнгөж ойлголттой болж эхэлж байна. Нөгөө талаас зуун үйлдлээс нэг нь муу байхад нөгөө 99 сайн үйлдлээ дарж байдаг. Тэгэхээр муу зүйл маш хор хөнөөлтэй. Гэхдээ хүмүүс дандаа нэг л муу үйлдлийг олж хардаг хэрнээ, цаана нь хийсэн сайн үйлдлийг олж хардаггүй, ихэнх хүмүүс үүнийг анзааралгүй өнгөрөөсөн байдаг. Тэгэхээр бид юмыг олон талаас нь, тэр тусмаа сайн талаас нь харж сурмаар байна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нарт сайн тал зөндөө бий. Одоогоор 10 хүний 5 нь энэ төрлийн үйлчилгээ авч байна гэсэн мэдээлэл байна. Цаашдаа илүү их хөгжөөд үйлчилгээгээ сайжруулаад явна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй брокер оффис 1,200 гаруй агент бол бүгд сайн сайхны төлөө, харилцагчдадаа сайхан үйлчилгээ үзүүлэхийн төлөө хичээж байгаа шүү гэдгийг хэлье.
- RE/MAX-ын талаар?
Монгол Улсад Ремакс маш сайн хөгжиж үйл ажиллагаагаа илүү өргөжүүлсээр байна. RE/MAX Mongolia жил дараалан нийт 120 гаруй орнуудын дундаас , Ремаксийн глобал арга хэмжээнээс Шилдэг Азийн оффис, Шилдэг Азийн бүс гэдэг шагналуудыг өсөлтийн хурд, хамтын ажиллагааны өндөр хувь, корпорацын соёл зэрэг үзүүлэлтээрээ удаа дараа авч байсан.
Улаанбаатар хотод түгжрэл их байна, зах зээлийн ширүүн өрсөлдөөн дунд ажиллаж байна, хийх ёстой юмаа хариуцлагатайгаар хийгээд явна гэдэг нь хамгийн чухал гэдгийг хүн болгон ойлгосон байна. Жишээ нь би байраа зарах гэж 1 сар цаашлаад 2-оос 3 сар , түүнээс илүү хоногийг зарцуулж цаг хугацаа алдаж байхаар Ремакст хандаж, мэргэжлийн хүмүүст даатгаснаар өөрийнхөө ажил, бизнест илүү анхаарч, түүнээс ч илүү орлого олж байх нь зөв гэдгийг хэрэглэгчид ойлгодог болсон учраас Ремакст хандаж байна. Энэ хэмжээгээрээ хандалт нэмэгдээд, ачаалал нэмэгдэж байгаа учраас Ремакст ажиллаж байгаа бүх бизнесмэнүүд ачаалалтай ажиллаж байна гэж хардаг. Цаашдаа ч гэсэн энэ хандлага нэмэгдэх учраас бидний ажил багасахгүй. Бидний хувьд зах зээлийнхээ нэг л салбарыг түшиглэж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн худалдааг төлөвшүүлж байгаа. Цаашдаа энэ салбарын хүмүүс үл хөдлөхийн хөгжүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн менежмент үл хөдлөх хөрөнгийн бусад салбар руу ажиллаж эхлэх учраас бидэнд хангалттай ажиллах орон зай байна гэж харж байна.
- Таны ажил бизнестээ мөрддөг гол зарчим юу вэ?
Миний хувьд өглөөний ажил 09:00 цагт эхэлдэг. Хувийн амьдрал 07:00 цагаас эхэлдэг. Олон хүүхдүүдтэй гэр бүлийн тэргүүний хувьд өглөө хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгнө. Ажил руугаа ирэх замаараа уулзах ёстой албан газраараа орж уулзах ёстой хүмүүстэй уулзана. Ерөнхийдөө л 8,9 цагийн үед ажлаа эхлүүлсэн байдаг. Утас бол Байнгын нээлттэй. Тэгэхээр 24 цагаар ч хамаагүй ажиллаж болно гэсэн үг. Амьдралдаа баримталдаг зарчим бол хийж бүтээх сэтгэлтэй хүнтэй л хамт ажиллахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Яагаад гэвэл хийж бүтээе гэсэн сэтгэл байх юм бол ямар ч асуудал, ямар ч том давааг даваад гардаг. Сэтгэл нь байхгүй бол аливаа жижигхэн тээг байсан ч тэр нь том шалтгаан болдог шиг санагддаг.
Би амбицыг эрхэмлэдэггүй. Багийн гишүүн байж ажиллахыг л хүсдэг. Амбиц бол залуу насных, залуучуудад амбиц байх хэрэгтэй. Ялангуяа 20-30 насанд. Яагаад гэвэл залуу хүнд маш их энерги, эрч хүч ундарч байдаг. Тийм учраас том амбицалж бүхий л салбарын оргилд нь хүрэх хэрэгтэй. Харин 40-өөс дээш насанд өнөөх оргилсон их хүсэл тэмүүлэл нь тогтно. Өөрийгөө хардаг өөртэйгөө илүү ажилладаг болж эхэлдэг санагддаг.
- Таны бизнес 5-аас 10 жилийн дараа ямар түвшинд хүрсэн байх бол?
Ойрын хоёр жилдээ 50 шижигнэсэн агентуудтай хамтран ажиллахыг хүсэж байна. Түүний дараагаар энэ бизнесийнхээ мөн чанарын талаар илүү суралцаж, ойлгож, мэдэж авч дараагийн шатанд гарахад бэлдэнэ гэж бодож байгаа. Тийм учраас энэ чиглэлээр дахин сургалтад сууж, сургуульд суралцах төлөвлөгөөтэй байна даа.
- Амьдралд шантрах, ухармаар санагдах олон үе бий, тэр үеүдийг хэрхэн даван туулдаг вэ?
Мэдээж хүний амьдралд шантарч, ухармаар санагдах үе олон. Яг энэ үед гэр бүл үр хүүхэд минь намайг хөдөлгөгч хүч болж өгдөг. Гэртээ очоод хүүхдүүдээ харахаар эрч хүч авч, түшиг тулгуур минь болдог доо. Үүнтэй бүх хүн санал нэгдэх байх. Гэр бүл
- Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе.
Баярлалаа. Нийт Монголынхоо бүх гэр бүлд, өргөө цагаан гэртээ аз жаргалаар дүүрэн байж, үр хүүхдүүд нь эрүүл саруул байх болтугай гэж ерөөе.
-Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!