Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

С.Түмэндэлгэр: Ялгаатай байдлыг харгалзан тооцож байж тэгш бус байдлыг бууруулж чадна

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

МУБИС-ийн багш С.Түмэндэлгэртэй нийгмийн тэгш хүртээмжийн асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Миний хувьд 1997 онд МУИС-ийг социологич мэргэжлээр төгссөнөөс хойш одоог хүртэл МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимд багшилж байна.

-Таны хувьд олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад хэлэлцүүлж байсан гол асуудлууд юу вэ?

-Миний эрдэм шинжилгээний өгүүлэл, хэвлүүлсэн ном, судалгааны ажлыг гурван чиглэлд авч үзэж болно. Жендерийн социологи, боловсрол, төрийн бодлогын чиглэлд хийсэн судалгааны ажлууд бий. Ерөнхийдөө судалгааны ажлууд, ном, өгүүлэлдээ тэгш бус байдлын асуудлыг хөндсөн байдаг.

-Нийгмийн тэгш бус байдал газар авлаа гэж яригддаг. Тэгэхээр яагаад тэгш бус байдал үүсдэг вэ?

-Тэгш бус байдал газар авч байгааг судалгааны баримтууд нотолж байна. Үндэсний статистикийн хорооноос Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг давтамжтайгаар явуулдаг.

Судалгааны баримтуудаас харахад тэгш бус байдал буурах биш өсөөд байгаа юм. ДНБ-ий хэмжээ тодорхой хэмжээгээр өсөж байгаа хэдий ч ядуу бүлгийн өрхийн хэрэглээ нэмэгдэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт бий боллоо ч ядуу бүлэгт энэ нь хүртээмжтэй байж чадахгүй байгаа. 2018 оны судалгааны баримтуудаас харахад ядуу бүлгийн хүн ам гол орлогоо хүнсний хэрэглээндээ зарцуулдаг. Ядуу хүмүүс ядуу бус хүн амтай харьцуулахад боловсролд дөрөв дахин бага, эрүүл мэнддээ зургаа дахин, тээвэр харилцаа холбоо гэх мэтчилэн хэрэглээнд дөрөв дахин бага зардлыг зарцуулж байна.

Тэгш бус байдлын гурван шалтгаан байдаг гэж социологичид үздэг. Нэгдүгээрт, эдийн засгийн баялгийн ялгаатай байдал. Хэн баялгийг өмчилж байна, баялгийн хэмжээнээс хамаараад эрх мэдэлтэй болох, алдар хүндтэй байх, бусдад илүү хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрддэг. Хоёрдугаарт, эрх мэдлийн ялгаатай байдал. Эрх мэдэл нь өөрийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх давуу нөхцөлийг олгодог. Ашиг сонирхлоо хэрэгжүүлэх давуу нөхцөлд байгаа учраас баялгийг илүү хүртэх, илүү алдар хүндтэй байх нөхцлийг бүрдүүлдэг.

Гуравдугаарт, алдар хүндийн ялгаатай байдал. Бусдыг дагуулсан уламжлалт нэр хүнд, бусдаас хүндлэл хүлээж байгаа чадамжийн байдал нь эрх мэдэлтэй болох, эдийн засгийн баялагт хүрэх давуу боломжийг бүрдүүлдэг. Туйлын утгаар нь авч үзвэл тэгш бус байдал мөнхийн шинжтэй оршин  байна. Гэвч үүнийг байх ёстой гэж туйлшруулан ойлгож болохгүй, учир нь шударга ёстой холбогдоно. Хэн нэгэн хүүхэд ядуу айлд төрснөөсөө болоод эдийн засгийн баялаг, эрх мэдэлтэй болох, алдар хүндтэй болох боломжгүй байх нь зүй ёсны зүйл үү? 

Эсвэл хэн нэгэн алдар хүндтэй айлын хүүхэд болж төрснөөсөө болоод өөрийн давуу байдлаас үүдэн, тийм нөхцөлд өсөөгүй хүүхдийн боломжийг хаагаад байх ёстой юу? Мөн эрх мэдэлтэй хэсэг л өөрийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдвэр гаргаад тэрийгээ нөгөө хэсэгтээ тулган хүлээлгээд байх нь зөв үү? Гэвч энэ нь шударга биш зүйл учраас өөрчлөхөд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Нийгмийн ангиудын хоорондын тэгш бус байдал харьцангуй саарах боломжтой

-Тэгш бус байдлыг өөрчлөхөд, засаж сайжруулахад социологичид хэрхэн анхаарлаа хандуулж ирсэн бэ?

-Социологичид энэ асуудалд ихээхэн анхаарлаа хандуулдаг. Үүний нэг чиглэл нь марксистууд юм. Тэд нийгмийн тэгш бус байдлын гол шалтгааныг  эдийн засгийн баялгийг хэн өмчилж байгаатай холбон тайлбарладаг. Эдийн засгийн баялгийн хувийн өмчид байгаа бүтцийн харилцааг өөрчлөх юм бол өмчөөс үүдэлтэй ялгаатай байдал харьцангуй тэгш болно гэж үзсэн. Энэ үзэл санаа коммунизм гэдэг үзэл сурталд тусгалаа олсон. Энэ үзэл суртлыг социалист тогтолцооны улс орнууд практикт хэрэгжүүлэхээр зорьж ажилласан.

Тухайн улс орнуудын дунд манай улс байсан. Тэгэхээр манай улс хувийн өмчийг халах замаар тэгш байдлыг тогтоох гэж зорьж ажиллаж байсан гэж хэлж болно. Гэвч тэгш байдлыг арилгахаар зорьсон ч бүтэлтэй болоогүй. Учир нь эрх мэдэл, алдар хүндээс үүдэлтэй тэгш бус байдлыг арилгаж чадаагүй буюу өөр нэг төрлийн давхраажилтын тогтолцоог бий болгосон. Гэхдээ жирийн малчин ардын хүүхэд боловсрол эзэмших замаар нийгмийн гарлын байр сууриа өөрчлөх боломжийг олгож байсан давуу тал бас бий.

Өмчтэй байх эрхийг хязгаарлаж, уламжлалт алдар хүндийн нөлөөг бууруулах гэсэн хүчирхийлэл бүхий арга хэмжээнүүд нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг үгүйсгэсэн, нийгмийг тодорхой хэсгээ олноор нь устгасан, түүхэн хөгжил, өөрчлөлтийн боломжийг хаасан, улмаар эдийн засгийн хувьд нурж унахаас өөр аргагүй байдалд хүргэсэн зэрэг сөрөг үр дагавар авчирсан. Тэгвэл тэгш байдалд хүрэх өөр боломж бий юу гэсэн асуулт дэвшигдэж таарна. Нэг хэсэг нь хүнд баялгийг бүтээх боломж буюу эрх, эрх чөлөөг өгье гэж үздэг. Ингэснээр аажимдаа нийгмийн ангиудын хоорондын тэгш бус байдал харьцангуй саарах бололцоотой гэж үздэг.

Гэвч чинээлэг баян хэсэг ба ядуу хүн амын орлогын зөрүүтэй байдлыг өөрчилж чадалгүй, эрх мэдлийн хувьд давамгайлагч, төрийн бодлогод тэдний эрх ашиг ил болон далд хэлбэрээр тусгагдаж байгаа нь нотлогддог. Харин нөгөө хэсэг нь тэгшитгэх дахин хуваарилалтын бодлого хэрэгжүүлэхгүйгээр тэгш бус байдлыг дорвитой бууруулж чадахгүй гэж үздэг. Үүнийг  Скандинавын орнуудаас харж болно. Тэд хувь хүний өмчтэй байх эрх, эрх чөлөөг дэмжихээс гадна тэгшитгэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байж, тэгш бус байдлыг харьцангуй тогтоож чадна гэсэн үзэл баримтлалыг төрийн бодлогоороо хэрэгжүүлдэг.

Тодруулбал,  их баялагтай хэсгээсээ өндөр хэмжээний татвар аваад, татвараас бүрдсэн орлогоо тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хэсэгтээ дахин хуваарилж дэмжиж ажилладаг. Энэ нь нийгмийн бодлого, халамжийн бодлогод онцгой анхаарал тавьж байгаагаас харагдана. Зарим судлаачид ер нь дэлхийн ихэнх улсын Засгийн газрын халамжийн бодлогод зарцуулах хөрөнгө сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна гэж дүгнэсэн байдаг. 

-Судалгааны ажлууддаа тэгш бус байдлын талаар тусгаж, энэ чиглэлээр сонирхон судалдаг хүний хувьд таны үзэл баримтлалыг сонирхмоор байна?

-Айл өрх, хувь хүн бүр өмчтэй, эдийн засгийн эрх чөлөөтэй, өөрөө өөртөө ажил олгогч байх, бусдад ажил олгогч болохыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх нь үр дүнтэй. БНСУ гээд олон орны жишээнээс харж болно. Бичил аж ахуй эрхлэгчээс жижигт, жижгээс дунд бизнес эрхлэгч болж, өөрөө өөртөө ажил олгогч байсан хүн ажил олгогч болж, улмаар олон хүнийг цалинжуулж, ингэсээр эдийн засгийн чадамжтай, хэнээс ч хамаарахгүйгээр шийдвэр гаргаж чаддаг, эрх мэдлийн өөрийн хүрээтэй дундаж давхрааг өргөжүүлж чадаж байна.

Гэхдээ яах аргагүй нийгмийн халамж шаардлагатай хэсэг байдаг гэдгийг орхигдуулж болохгүй. Иймээс халамжийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай бүлэгт чиглэсэн оновчтой бодлогыг мөн хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ Монгол Улсад хэрэгжиж байгаа халамжийн бодлого яг энэ чигээрээ явбал үр дүнтэй биш гэж үздэг. 2015 онд Дэлхийн банкнаас хийсэн халамжийн үр шим хүртэгчдийн талаарх судалгаа бий. Тус судалгаагаар яах аргагүй ядуу бүлгийнхэн халамжийн тусламж дэмжлэгийн дийлэнхийг авч байна гэдэг нь харагддаг. Гэхдээ зарим улс орнуудтай харьцуулахад ядуу бүлэгт очиж буй хувь хэмжээгээрээ бага байсан. Мөн бас нэг асуудал бий.

Хамгийн өндөр дүнтэй халамжийн хөтөлбөр болох алдар цолтой ахмадуудын хөтөлбөрийн үр шимийг голцуу ядуу бус хүн ам хүртдэг бөгөөд үүнийг зөвхөн ядуу хүн ам хүртдэг Хүнсний эрхийн бичгийн хөтөлбөрийн мөнгөн дүнтэй харьцуулахад 12 дахин өндөр байсан. Гэхдээ энэ мөнгөн дүн Засгийн газраас цар тахлын үед хэрэгжүүлж буй өсгөсөн дүнгээс өмнөх дүнгээр буюу 2015 оны үеийн баримтаар тайлбарлаж байгаа болно. Тэгэхээр ядуу бус хүн амд очиж байгаа халамжийн мөнгөн дүн сайн биш байна гэсэн үг. Ядуу хүн амыг ядуурлаас нь гаргахуйц үр нөлөөтэй байлгах шаардлага халамжийн бодлогод дэвшигдэж байна. Тэгсэн хэрнээ маш их хүн халамжид хамрагдаж, их хэмжээний мөнгө зарцуулдаг.

Иймээс халамжийг зорилтот бүлэгт түлхүү чиглүүлсэн, хэрэгцээнээс нь хамааруулсан байх шаардлагатай. Халамжийн нэгэн сөрөг үр дагавар бол хамааралт байдлыг дэмждэг буюу ядуурлын соёлыг дэмждэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрах үүднээс олон өрх нэг тэжээгчтэй байхад хүрч байгаа, тэгвэл халамжийн хөтөлбөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хамтаар хүүхдээ асрангаа гэрээрээ болон богиносгосон цагаар ажиллах боломжийг олговол тухай өрх орлогоо нэмэгдүүлж чадна. 

Халамжийн нэгэн сөрөг үр дагавар бол хамааралт байдлыг дэмждэг буюу ядуурлын соёлыг дэмждэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрах үүднээс олон өрх нэг тэжээгчтэй байхад хүрч байгаа, тэгвэл халамжийн хөтөлбөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хамтаар хүүхдээ асрангаа гэрээрээ болон богиносгосон цагаар ажиллах боломжийг олговол тухай өрх орлогоо нэмэгдүүлж чадна. 

Ийм сонголтуудыг хөдөлмөрийн зах зээлд бий болгосноор өрхийн амьжиргааг өөд нь татах боломжтой.

Манай улсын Засгийн газар өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр гаргасан, энэ нь өрхийн хэрэгцээнээс нь хамааруулан үйлчилгээг хүргэх үзэл баримтлалтай. Гэвч  өрхийн ялгаатай хэрэгцээнд тулгуурласан халамжийн ялгаатай үйлчилгээг нэвтрүүлж чадахгүй байгаа, гэвч олон айлыг бага зэрэг дэмнээд өгөхөд ядуу биш болох боломж байгаа. Зөвхөн мөнгөн шилжүүлгийн тусламж үзүүлэхээс гадна хэрэгцээнд нь тохируулан чадавхжуулах талаас нь дэмжиж өгөх хэрэгтэй. 

Ер нь социологичийн хувьд нэмж хэлэхэд хавтгайруулсан халамжийн бодлогыг эрх баригч ангийнхан нөгөө хэсгийнхнээ дуулгавартайгаар захирах, эсэргүүцлийн хөдөлгөөн гаргахгүйн тулд хэрэгжүүлдэг гэсэн тайлбар бий. Ядуурал өндөртэй, халамжаас хамааралтай байгаа газарт эсэргүүцлийн хөдөлгөөн бага гардаг. Хүмүүсийн орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр эсэргүүцлийн хөдөлгөөн нэмэгддэг.

Боловсрол бүх хүүхдэд хүртээмжтэй байж чадахгүй тохиолдолд тэгш бус байдал буурахгүй

-Боловсролын тэгш хүртээмжийн асуудалд та ямар байр сууриар ханддаг вэ? Боловсролын ялгаа улам бүр газар авч байна. Хувийн сургууль улсын сургуульд суралцсан хүүхдүүдийн ялгаа их байна гэж харагддаг. Чанарыг хэрхэн сайжруулах вэ?

-Бүх нийтийн боловсролын тогтолцоо нь хүүхдүүд эцэг эхийнхээ гарлаас үл хамаараад өөрийнхөө байр сууриа өөрчлөх боломжийг олгодог хамгийн гол институт. Өөрөөр хэлбэл эцэг эх нь ядуу байгаа бол тухайн байдлаас үл хамааран ядуу биш болгох боломж боловсролд бий. Гэвч тэгш хамруулах гэсэн зарчмыг баримталж байж, тэгш байдалд хүрнэ. Ядуу, угсаатны хувьд цөөнх байна уу, хөгжлийн бэрхшээлтэй, шашны хувьд ялгаатай юу гэдгээс үл хамааран тэгш хамруулснаар энэ боломж бүрдэх юм.

Гэтэл манай улсын хувьд бодит нөхцөл байдал нь зарим хүүхдийг боловсролын үйлчилгээний гадна үлдээдэг.  Зарим тоон баримтаас аваад үзэхэд цөөн тооны бус хүүхэд иргэний бүртгэлгүй, хөгжлийн бэрхшээлтэй, алслагдмал нутагт амьдарч байгаа зэрэг шалтгааны улмаас боловсрол эзэмшиж чадахгүй байна. Байр суурийн ялгаатай байдлаас шалтгаалаад зарим хүн энэ ертөнцөд байхгүй мэт амьдардаг. Бүх нийтийн боловсрол нь бүх хүүхдэд хүртээмжтэй байж чадахгүй тохиолдолд тэгш бус байдал буурахгүй. Мөн боловсролын чанарын талаас бас тэгш байх тухай ярих ёстой. Орон зайнаас хамаарч боловсролын чанар сургуулиудад харилцан адилгүй байна.

Мөн багшлах боловсон хүчний чадамж, багш-хүүхдийн тооны харьцаа, орчин нөхцөл, лаборатори, тоног төхөөрөмжийн ялгаа сургуулиудад илэрдэг. Өөрөөр хэлбэл, сургуулийн хаалгаар орсон хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших боломжоор харилцан адилгүй байгаа тул эдгээр зөрүүг арилгах шаардлагатай. Манай улсын боловсролын үйлчилгээ тэгш бус байдлыг бууруулах бус байгаа байдлыг хадгалах, нөхөн үйлдвэрлэх хандлагатай  байна. Мөн илүү боломжтой байгаа хэсэгт нь илүү санхүүжилт өгч байгаа юм ч бий.

Багш нарын цалинг нэмснээр, илүү чадварлаг хэсгийг багшлах үйл хэрэгт татан оролцуулж, энэ сургууль бүр дээр чанартай үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж чадна. Мөн чанарын талаас асуудалтай байгаа сургуульд чадварлаг багшийг тэтгэлэгтэйгээр ажиллуулах зэргээр олон арга зам байгаа. 

-Дээд боловсролын шинэчлэлийн төслийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан талаараа ярина уу?

-Төв азийн их, дээд сургуулийн багш нарын судалгааны төслийг санхүүжүүлэх, өндөр хөгжилтэй орны профессороор судалгааны ажлыг нь удирдуулж, зөвлөгөө өгүүлээд, сургуульд нь семестрын хугацаанд суралцаж, судалгааны ажлаа гүйцэтгэх хөтөлбөрт 2003-2005 онд хамрагдсан. Тухайн хөтөлбөрийн хүрээнд Английн Брадфордын их сургуульд суралцах боломж гараад, хөдөлмөр эрхлэлт дэх жендерийн асуудлаар мэргэшсэн багшийн удирдлагаар докторын зэрэг хамгаалах судалгааны ажлаа эхлүүлж, хамгаалсан.

Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Их, дээд сургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх хөтөлбөрт 2010-2013 онд хамрагдахдаа АНУ-ын Вашингтон мужийн их сургуульд нэг семестр, Жорж Вашингтоны их сургуульд хоёр семестр суралцаж, судалгааны ажлаа хийсэн. Мөн бүх түвшний  хичээлүүдээс өөрийн сонирхсон судалгааны ажлын хүрээнд судлах эрхтэй байсан.

Эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдсанаар судалгааны ажлуудаа гүйцэтгэх мэдлэг, ур чадвараа ахиулсан. Энэ нь эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, ном бүтээл гаргах улмаар сургалтын хөтөлбөрөө сайжруулах, хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгоход ихээхэн ач тусаа өгсөн.

Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, бакалавр, бакалаврын дараах сургалтын хөтөлбөрийн процесс, засаглалын талаар түлхүү анхаарал хандуулж судлаад, сургуулийн удирдлагадаа саналаа хүргүүлж байснаас зарим нь шийдвэрт туссан байдаг. Мөн дээд боловсролын, цаашлаад боловсролын шинэчлэлийн хүрээнд миний гүйцэтгэж байсан ажлуудад үр дүнгээ өгсөн.

-20 гаруй жил боловсролын байгууллагад, тэр дундаа социологичоор ажилладаг хүний хувьд хүн бүрт төрийн үйлчилгээ нь хүртээмжтэй, амар тайван,  ялгаварлалгүй хүрдэг нийгмийг бүтээхийн тулд юун дээр анхаарах ёстой гэж хардаг вэ?

-Ялгаатай байдлыг харгалзсан шийдвэр гаргах нь тэгш хамруулах бодлогын гол шинж гэж хардаг. Өнөөдөр нэг л өнцгөөр харсан олон шийдвэр гарлаа. Тухайлбал, Мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчдад олгодог тэтгэлгийг төгсөхөд нь нэгмөсөн олгоно гэсэн шийдвэрийг гаргах гэж байгаа юм байна. Зарим хүүхдийн тэтгэлгээрээ өдөр тутмын амьдралаа залгуулдаг байдлыг нь харгалзаж үзээгүй шийдвэр гаргаж магадгүй байна. Үр дагаварт нь олон суралцагч амьдралын эрхээр сургуулиа хаяж болзошгүй.

Уг нь хүүхдүүдийн хэрэгцээний ялгааг харгалзан, шийдвэрийг сонголт олгосон байдлаар гаргавал энэхүү үр дагавраас сэргийлж чадна. Бүгдийг нь адил гэж үзсэн шийдвэр гаргах нь бодлого, шийдвэрийн үр шимээс адил тэгшээр хүртэхийн эсрэг үйлдэл болдог. Ялгаатай хэрэгцээ, ялгаатай байдалд тохирсон уян хатан шийдвэрийг гаргавал үр шим тэгш байх боломж бүрдэнэ гэсэн үг.

Тэгш хамруулах үзэл баримтлалаар бодлого гараад байвал дундаж давхрааг өргөжүүлж, чадавхжуулж чадна. Ядуурлаас гаргах арга хэмжээнүүд илүү үр дүнтэй байж чадна. Үүнд хэрэгцээний ялгааг тодруулах судалгаа шинжилгээ, талуудын идэвхтэй оролцоог хангах нь чухал үүрэгтэй.