Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жагар: Туул гол дагуу 15 га газрыг чөлөөлж амралт, спортын цогцолбор байгуулах хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад хүргүүлж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт ХУД-ийн иргэдийн төлөөлөгч Б.Жагар Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын далан дагуу ахмад настан, хүүхэд залуучуудад зориулсан нийтийн эзэмшлийн спорт цогцолбор байгуулах хүсэлтээ хүргүүллээ.

Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар "Ганц дүүрэг гэлтгүй Улаанбаатар хот бүхэлдээ бетонон ширэнгэ болсон. Нийслэл хот бетон ширэнгэ болсон эх үүсвэр нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди, үе үеийн УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий компаниуд Туул голын эрэг дагуу олон арван га газар аваад түүнийгээ бага багаар нь зарж эхэлснээс үүдэлтэй. 

Тэгэхээр өнөөдөр нийтийн эрх ашгийг үүднээс Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртлэх газрыг чөлөөлж, иргэдийн амарч, зугаалах нийтийн эзэмшлийн спорт цогцолбор байгуулах төслийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлж байна. 

Уг төсөл нь автозогсоол, гүйлтийн зам, теннисын талбай, чөлөөт бүс, Ерөнхий боловсролын сургууль, сагс, хөлбөмбөгийн талбай, ногоон бүсээс бүрдэх бөгөөд зураг төслийг нь бэлэн болгосон.

 

Хэдхэн компанид олон арван га газар байх нь чухал уу эсвэл нийтийн эзэмшлийн талбай байх нь чухал уу.  

УИХ-ын гишүүд Туул голыг хамгаалах тухай их ярьдаг. Тэд нэг гараараа гоё хууль баталдаг ч нөгөө гараараа хулгай хийх боломжийг өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд олгож байна.

Туул гол дагуу амралт, спортын цогцолбор байгуулахыг Хан-Уул дүүргийн 4,000 гаруй өрх, 10 мянга гаруй иргэн дэмжиж гарыг үсгээ зурсан. Би тус дүүргийн 200 мянга гаруй иргэнийг төлөөлж Иргэдийн хуралд сонгогчдсон төлөөлөгчийн хувиар бусад төлөөлөгч нараа энэ ажилд нэгдэхийг уриалж байна.

Энэ төслийг маань Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжсэн. Би Ерөнхийлөгчид хандаж наймдугаар сарын 11-нд бичиг явуулсан. Ерөнхийлөгч хариуг нь найм хоногийн дотор ирүүлсэн. Ингэж төрийн ажил шуурхай явж байна. Мөн Залуучуудын холбоо болон иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж байгаа. Мөн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид болон 19, 20 дугаар хорооны Засаг дарга нар төслийг маань дэмжиж байгаагаа албан бичгээр илэрхийлсэн.

 

Нийслэлийн Засаг даргад хүргүүлж буй хүсэлтдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй барилга байгууламж барих, газар эзэмших, гэрчилгээ болон аливаа тусгай зөвшөөрлийг дахин сунгаж, шинээр олгохгүйгээр өмнө нь хууль бусаар олгогдсон газруудын гэрчилгээг хүчингүй болгохыг уриалсан. Хэрэв нийслэлийн удирдлагад хандсан бидний хүсэлтийг биелүүлэхгүй бол Хан-Уул дүүргийн мянга мянган иргэн жагсаал хийнэ” гэв.

Амралт, спортын цогцолборыг Туул гол дагуух нийт 15 га газарт байгуулахаар төлөвлөжээ. Уг газарт бүтээн байгуулалт хийхэд 17 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг судалгаа гарсан байна. Гэхдээ ийм хэмжээний хөрөнгийг улсын төсвөөс гаргахгүйгээр ТББ, ААН, СӨХ-үүд өөрсдийн санаачилгаар тохижуулах бүрэн боломжтой гэж үзжээ. Харин төрөөс хөрөнгө гаргалгүйгээр Туул гол дагуу газар эзэмшиж байгаа компаниудад өөр газарт зөвшөөрөл олгох шийдэл байгаа гэж төсөл санаачлагч хэллээ.